Германы засгийн газар Хятадад хиймэл дагуулын компаниа худалдахаас татгалзжээ
Германы Канцлер Ангела Меркелийн засгийн газар Хятадын батлан хамгаалахын "China Aerospace Science and Industry Corporation" компанийг үндэсний аюулгүй байдлын эрсдэлээс болж хиймэл дагуул, радио технологид мэргэшсэн Германы "IMST" компанийг худалдаж авахыг хориглосон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Хойд Рейн-Вестфалия мужид байрладаг, "IMST" нэртэй компанийг цэргийн холбооны систем үйлдвэрлэдэг төрийн өмчит батлан хамгаалах салбарын "China Aerospace Science and Industry Corporation"-ийн охин компани болох "Addsino" худалдаж авахаар зорьж байсан гэж Германы мэдээллийн агентлаг DPA засгийн газрын баримт бичгийг иш татан мэдээлэв. Меркелийн засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хятадын компанид хориг тавьсан болохыг Германы Сангийн яам баталж байгаа боловч холбогдох компаниудыг нэрлээгүй байна.
Герман технологийг эзэмшиж эхэлсэн Хятадын компаниудын тоо аюултай хэмжээнд хүрч тул Меркелийн засгийн газар ЕХ-ноос гаднах орнуудад дотоодын компаниудаа алдахаас сэргийлэх тал дээр онцгой анхаарч байгаа юм.
Германы Засгийн газар одоогоор дотоодын компанийн хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг худалдан авахаас сэргийлэх боломжтой байгаа боловч босгыг 10 хувь хүртэл бууруулах хуулийн төслийг бэлдэж байна.
DPA мэдээлэхдээ Меркелийн Засгийн газар дээрх худалдан авалтыг зогсоогоогүй бол "бодит ба ноцтой аюул" учруулж болох байсныг онцолсон байна.
"IMST" нь "TerraSAR-X Earth" ажиглалтын хиймэл дагуулын гол бүрэлдэхүүн хэсгийг боловсруулсан бөгөөд түүний мэдээллийг Германы Батлан хамгаалах яам симуляци хийх эсвэл зэвсгийн системд ашигладаг 3 хэмжээст загварыг бүтээхэд ашигладаг аж.
"Хориогүй бол энэ технологи Хятадад алдагдаж, Хятадын зэвсэглэлд хувь нэмэр оруулах байсан" гэж DPA агентлагийн иш татсан баримт бичигт дурджээ. "IMST" компани нь 5G технологийн хөгжүүлэлтэд мөн оролцдог бөгөөд Хятадын батлан хамгаалах компанийн мэдэлд очвол Берлин түүнийг найдвартай түнш гэж тооцохгүй болох байсан юм.
Эх сурвалж: spacedaily.com