АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа
АНУ зэвсгийн хяналтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах, зэвсгийн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангах зорилготой олон улсын Агаарын Нээлттэй орон зайн тухай гэрээнээс албан ёсоор гарлаа. Трампын засаг захиргаа уг гэрээний гишүүн ОХУ хил давсан нислэг хийж, гэрээг байнга ноцтой зөрчиж ирсэн гэдэг үндэслэлээр гэрээнээс дангаар гарах болсноо өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн юм.
ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ гэрээнээс гарахын тулд ОХУ-ыг шалтаг болгон ашиглалаа гэж буруутгасан мэдэгдэл гаргажээ. Мөн ОХУ гэрээнд оролцогч бусад талуудыг ялангуяа НАТО-гийн гишүүн орнуудыг үүнээс хойш Оросын газар нутаг дээгүүр хийсэн тандалтаас олж авсан мэдээллээ АНУ-тай хуваалцахгүй байхыг уриалсан байна. Түүнчлэн АНУ-ын шинэ засаг захиргаа уг гэрээнд буцаад нэгдэн ороход нээлттэй гэж Оросын дипломат байр сууриа илэрхийлжээ.
Хүйтэн дайны дараа 1992 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 23орны Хельсинки хотноо гарын үсэг зурж, 2002 онд хүчин төгөлдөр болгосон Агаарын Нээлттэй орон зайн тухай гэрээний дагуу нэгдэн орсон гишүүн 35 улс бие биенийхээ газар нутаг дээгүүр харилцан тандалт, ажиглалтын нислэг үйлдэх эрхтэй болсон. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх нь олон улсад зэвсэглэл хорогдуулахад чухал үүрэгтэй гэж үздэг.
Иймээс Америк энэ гэрээнээс гарснаар зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг бий болгож болзошгүй гэж зарим орнууд болгоомжилж байна. Гэхдээ зарим цэргийн шинжээч Трампын засаг захиргаа гэрээнээс гарсан ч Оросын хувьд тийм их хохирол учруулахгүй. Орос, Америкийн аль аль нь орон зайн тагнуулын мэдээлэл цуглуулах ажлынхаа дийлэнх хэсгийг хиймэл дагуулаас авдаг болсон учраас Америкийн орон зайг хянах Оросын чадавхад бараг нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна. Гэрээний заалтыг ОХУ зөрчиж байна гэсэн Вашингтоны шүүмжлэлийг Москва няцааж, Америк гэрээнээс дангаар гарсан ч ОХУ гэрээг дагаж мөрдөнө гэдгээ өмнө мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: geopolitic news