Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...
Цар тахлын тархалтыг дотооддоо алдаад хатуу хөл хорио тогтоогоод хэд хонож байна. Дээр дооргүй л сандарч байна даг. Урд өмнө ийм байдалд орж байгаагүй болохоор нэлээд сандарч барьц алдаж байгаа нь харагдана. Харин энэ үед манай зарим сэтгүүлчдийн гаргаж байгаа авир таалагдахгүй байна.
Учир нь....би ч бас сэтгүүлч. Би ч бас дуулиан шуугианд дуртай, бусдаас түрүүлээд мэдээлчих юмсан гэх аархал цусанд минь 22 жил буцлаж байна. Гэхдээ найзуудаа, учир байна. Монголд тахал дэгдэж байна. Хурдтай тархаж байна. Тэгээд хатуу хөл хорио тогтоолоо. Энэ бол хууль ёсоор түр авч хэрэгжүүлж байгаа “онцгой” дэглэм. Гэтэл энэ хатуу хөл хориог зөрчнө, хөдөө явж суравлжлага хийнэ, тахалын голомтоор эмч нар шиг гүйлдэнэ, Засгийн газар болон УОК ын хуралдааныг хэдэн зуугаараа сурвалжлана гэнэ.
16 сэтгүүлч орох багтаамжтай танхимд 16 л орох болохоос 40-өөрөө орж болохгүй нь мэдээж. Тэгээд ч Засгийн газар хийгээд УОК ын хэвлэлийн бага хурлыг ажиглаж байхад нүүр байтугай юм улаймаар анхан шатны мэдээлэлгүй асуултаа их л дээрэнгүй асууна. Нэгнийхээ асуусан асуултыг давтана (энэ чинь бусдын асууж байгааг хариулж байгааг ойлгохгүй байна гэсэн үг шүү дээ ).
Хатуу хөл хориог тогтоосноос хойш хүмүүсийн сэтгэл санаа илт сульдаж байна. Аргагүй ээ, ажил амьдрал нь орвонгоороо эргэж өр ширэнд орж хоолны мөнгөгүй болох аюул хаалга тогшиж байгаа болохоор тэр. Гэтэл нийгмийн сэтгэл зүйг бодолгүй худал мэдээлэл тарааж давхицгаана. Тэгээд аархана. Бас архирна. “Би сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж байна...надад мэдээлэл өгөхгүй байна ” гээд л чарлалдах болов.
Сэтгүүлч гэдэг хууль дүрмээс дээгүүр давсан бүрэн эрхт маанаг гэсэн үг биш. Бид бусдын адил хууль дүрмэнд захирагдаж амьдарна, бас ажиллана. Бидэнд бусдаас давуу ямар ч эрх байхгүй. Бусдаас дутуу ч зүйл үгүй. Тийм болохоор өөрсдийгөө тусгай эрхт аймаар том амьтан гэж бүү бод. Бидний тарааж буй мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд хүчтэй хүрдэг нь үнэн. Гэхдээ энэ бол чамайг томруулах зэвсэг биш.
Чиний дураараа аашлах эрхийн үнэмлэх биш. Чамайг бусдаас давуу эрхтэй маанаг болгодог тодорхойлолт бүр ч биш. Чи болон бид зүгээр л сэтгүүлч. Нийгмийн сэтгэл зүйг ийм хэцүү үед дураараа хэмлэж, ойлгомжгүй байдал үүсгэж, хоосон дуулианаар бөмбөгдөж, турхирч болохгүй. Хэрэв тэгвэл гэмт хэрэг үйлдсэн болно. Энэ онцгой цаг үед нийгмийн оюун санааг үймүүлэхгүйн төлөө өөрсдийгөө давуу эрхтэй маанаг биш гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. Тиймээ, би ч бас сэтгүүлч. Гэхдээ би бусдаас давуу эрхтэй маанаг биш.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан