Дэлхийн удирдагч нар яагаад Жо Байденд баяр хүргэхгүй байна?
Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден улс орнуудын төрийн тэргүүнүүдээс олон тооны баярын мэндчилгээ хүлээн авсан юм.
Тэгвэл хэд хэдэн орны төрийн тэргүүнүүд одоог хүртэл Жо Байденд баяр хүргээгүй нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсаны дараа түүнд хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байсан бол энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд Оросын төрийн тэргүүнээс одоог хүртэл мэндчилгээ ирээгүй байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн үр дүн албан ёсоор гарсаны дараа баяр хүргэнэ" хэмээн мэдэгджээ.
Жо Байденийн хувьд ОХУ-ыг шүүмжилж, АНУ-д заналхийлж буй хамгийн том аюул хэмээн нэрлэж байсан юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2016 оны АНУ-ын сонгуулиар ялалт байгуулсан Доналд Трампад ялалт байгуулсан өдрийнх нь маргааш нь баяр хүргэж байжээ.
Тэгвэл энэ удаа тэрээр Жо Байденд баяр хүргэхийг яарахгүй байна. Хятадын Гадаад хэргийн сайд даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "АНУ-ын хууль журмын хэрэгжилтийг ажиглаж байна" хэмээн Олон улсын дипломат ёс журмын дагуу нь баяр хүргэх болно гэжээ.
Жо Байдений хувьд Хятадын тухайд хатуу байр суурьтай хэвээр байх ч илүү болгоомжтой харьцана хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган мөн л АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргээгүй байна. Түүний хувьд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамптай сайн харилцаатай билээ.
Нөгөө талаас Жо Байден Турктэй тогтоох харилцаандаа Доналд Трампын баримталж буй зарчмаас тэс ондоо зарчмыг баримтална гэдгээ мэдэгдсэн ба Туркийн тал НАТО-той хийсэн гэрээгээ зөрчиж, ОХУ-аас зэвсэг худалдаж авсаныхаа хариуцлагыг үүрэх болно хэмээн амласан юм. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргээгүй улс төрийн лидерүүд дотор Бразилийн Ерөнхийлөгч Жэйр Болсонару, Мексикийн Ерөнхийлөгч Андрэ Мануэль Лопез Обрадор нар мөн багтсан байна. Тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг хүлээж байгаа хэмээн мэдэгдээд байгаа аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн л Жо Байденд баяр хүргэх гэж яарахгүй байгаа ба Жо Байдений хувьд Ким Жон Унтай ямар ч байдлаар харилцахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж байсан билээ. Харин Ким Жон Уны хувьд Жо Байденийг "оюуны чадвар муутай тэнэг" хэмээн тодорхойлж байсан билээ.
Эх сурвалж: CNN