Хятадын ардын их хурал эргийн хамгаалалтаа зэвсэг хэрэглүүлэхээр хуульчилж байна
Хятадын ардын их хурлаас лхагва гарагт анх удаа эргийн хамгаалалтын шинэчилсэн хуулийн төслөө танилцуулсан байна. Энэ хуулиар Хятадын мэдэлд хамаарах далай тэнгисийн бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан усан онгоцны эсрэг тус улсын эргийн хамгаалалт зэвсэг хэрэглэж болно гэж заажээ. Мөн тус улсын эдийн засгийн онцгой бүсэд хамаарах далай тэнгисийн дүрэм журмыг дагаж мөрдөөгүй бол галт зэвсэг хэрэглэж болно гэсэн байна.
Хууль батлагдсаны дараа Сенкаку арлын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Японы загасчлалын завинуудад аюул эрсдэл учирна гэсэн болгоомжлол нэмэгдэж байгааг "NHK" мэдээлжээ. Тэгтэл Японы газар нутагт хамаардаг Сенкаку арлын мэдлийг Хятад болон Тайванийн талаас мөн булаацалддаг гэж тайлбарласан байна.
Сүүлийн үед Хятадын талаас Зүүн Хятадын тэнгис дэх Японы газар нутагт хамаарах Сенкаку арлын эрэг дагуу бүсэд эргүүлийн усан онгоц оруулж, Японы загасчлалын завийг хөөж туух болсон юм. Түүнчлэн Хятадын эргийн хамгаалалтын газар Ардын армитайгаа хамтран ажиллаж, усан онгоц, хөлгийнхөө хэмжээг томруулан бэлтгэлээ базааж ирснийг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Эх сурвалж: CNN