91.6 сая гаруй америкчууд саналаа өгөөд байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 3 хоног дутуу байхад 91.6 сая гаруй америкчууд хэдийн саналаа урьдчилж өгөөд байна. Энэ нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгсөн нийт сонгогчдын ⅔-ыг даваад байгаа үзүүлэлт юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-ын ихэнх мужуудад урьдчилж саналаа өгсөн иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс өндөр байна. Урьдчилж саналаа өгсөн иргэдийн тоо өндөр байгаа ч эцсийн үр дүнд нийт хэдэн хүн саналаа өгсөныг 11-р сарын 3-наас өмнө хэлэх аргагүй юм. Гэсэн хэдий ч урьдчилж саналаа өгч буй иргэдийн тоо өндөр байгаа нь энэ удаагийн сонгуульд иргэд коронавирусын цар тахалтай холбоотой бэрхшээл саадыг үл харгалзан маш идэвхтэй оролцож байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд онцолсоор байна.
Урьдчилж саналаа өгсөн иргэдийн тоо сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчдын ойролцоогоор 43 хувийг бүрдүүлэх аж. АНУ-ын 16 мужид саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт иргэдийн талаас илүү хувь нь хэдийн урьдчилж саналаа өгчээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Техас, Хавай мужуудад саналаа урьдчилж өгсөн иргэдийн тоо 2016 оны сонгуульд саналаа өгсөн нийт иргэдийн тоог давсан үзүүлэлттэй байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Америкийн ихэнх мужууд урьдчилж саналаа өгөх өдрүүдийг нэмж, шуудангаар санал хураах хугацааг уртасгасан ба иргэд цар тахлыг үл харгалзан саналаа өөрийн биеэр өгөхөөр санал хураах байрны гадаа урт дараалалд олон цагаар зогсч буй үзэгдэл олон мужуудад ажиглагдаж байна.
Судалгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденийг дэмжигчид саналаа шуудангаар өгөх хандлагатай байгаа бол нэр дэвшигч Доналд Трампыг дэмжигчид саналаа 11-р сарын 3-ны өдрөө өгнө гэж хариулсан байна. Өнгөрсөн бямба гарагт нэр дэвшигч Доналд Трамп Пенсильванид сонгогч дэмжигчидтэйгээ уулзсан бол Жо Байдений Мичиган дахь сонгуулийн кампанит ажилд Ерөнхийлөгч асан Барак Обама оролцсон байна. Харин ням гарагт Жо Байден Филадельфия хотыг зорьсон бол Ерөнхийлөгч Доналд Трамп Мичиган, Айова, Хойд Каролин, Жоржия болон Флорида мужид кампанит ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN