Хятадууд хотжуулах аварга туршилт хийж байна
Өнгөрөгч зуны эхээр хятадын төв нутгийн нэгэн хотод 10 мянган цугларчээ. Тэд насаараа газар тариалан эрхлэн амьдарч ирсэн төрөлх тосгоноо орхиж, томоохон хотын нэгэн шинэ дүүрэгт, орчин үеийн тохилог орон сууцны хороололд шилжин суурьшихаар шийдсэн хүмүүс юм. Гэр бүлийн гишүүдийн тооноос хамааран өрөөний тоог тогтоох боловч 32 давхар шинэ орон сууцнуудын аль давхарт амьдрах нь уг өдөр цугласан шалтгаан болох сугалаагаар шийдэгдэнэ. Энэ бол дэлхийн 2 дахь том эдийн засаг бүхий Хятад улсын хэрэгжүүлж буй нүүлгэн суурьшуулах аварга туршилтын эхлэл юм.
Бүгд найрамдах улс байгуулагдсаны дараа хятадын ард түмний дийлэнх хэсгийг ядуучууд бүрдүүлж байв. Хятадын засгийн газраас юуны өмнө хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, тухайн үеийн газар тариалан эрхлэгчдэд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээлгэсэн байна. Энэ зорилтын хүрээнд орон нутгийн иргэдийн шилжих хөдөлгөөнийг хатуу хоригложээ. Харин Дэн Сяпиний нээлттэй хаалганы бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, эрэг орчмын бүс нутагт үйлдвэржилт эрчимтэй явагдсанаар ажиллах хүчний дутагдалд орох болов.
Иймд 1990-ээд оноос иргэдийн шилжилт хөдөлгөөнд тавигдаж байсан хязгаарлалтыг цуцласан байна. Гэвч орон нутгийн иргэний бүртгэл бүхий хүмүүсийг хотын иргэн хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байсан нь иргэдийн дунд амьдралын түвшний ялгаа гарах нөхцөл болжээ. Тэгвэл түүнээс хойш 20-оод жилийн дараа энэ ялгааг арилгах аварга туршилтыг хятадын төв хэсгийн Чунчин (Chongqing) хотод тус улсын засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна. 3 жилийн өмнө эхэлсэн туршилтаар Чунчин хотын 30 сая иргэний гуравны хоёрыг бүрдүүлдэг орон нутгийн тариаланчдын тал хувийг 10 жилийн хугацаанд хотын иргэн болгон суурьшуулахаар төлөвлөжээ.
Туршилтын хүрээнд эхний ээлжинд "нүүлгэн суурьшлын сууц" хэмээгдэх орон сууцнуудыг барьж байна. Үүний тулд хотын захиргаа хөрөнгө оруулалтын компаниудаар дамжуулан банкнаас шаардагдах хөрөнгийг зээл хэлбэрээр авч байна. Мөн тариаланчдын эзэмшиж байсан газрыг компаниудад худалдаалж, орлогоос хот тодорхой хэмжээний ашиг олох, зээлээ буцаан төлөх, шинээр нэмэгдэн ирсэн хотын иргэдэд олгох нийгмийн халамж, тэтгэвэр зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Нөгөө талаас хуучин газар тариалан эрхэлж байсан газарт үйлдвэрүүд байгуулагдаж хотын шинэ иргэдийг ажлын байраар хангах нөхцөл бүрдүүлнэ. Үүнд мэдээллийн технологи, нисэх буудал зэрэг ирээдүйтэй салбаруудад голлон анхаарлаа хандуулж байна.
Харин орон нутгийн иргэд тариалангийн зориулалтаар газар ашиглах эрхтэй боловч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр зэрэг нийгмийн халамж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл хотын иргэн болсноор орчин үеийн тохиолог сууцанд суухаас гадна тэдний нийгмийн байдал эрс өөрчлөгдөнө. Эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 наснаас тус тус тэтгэвэр авах эрхтэй болно. Мөн цэвэр бохир ус, цахилгаанаас бусад зүйлд төлбөр төлөхгүй бөгөөд сууц нь үнэ төлбөргүй байна. Одоогийн байдлаар нүүлгэн суурьшлын сууцнуудаас гадна Чунчин хотын үйлдвэрлэлийн бүсийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Гэхдээ зөвхөн барилга угсралтын ажил хийгдэж байгаа учир ажлын байр хангалттай хэмжээгээр бий болоогүй. Энэ ажил төлөвлөсөн хэмжээнд хүрэхэд дахин 3 жил орчим хугацаа шаардагдана хэмээн хотын захиргаа үзэж байгаа юм. Чунчин хотын эдийн засаг өнгөрөгч онд улсдаа хамгийн өндөр хэмжээгээр өсч, 13.6%-д хүрсэн байна.
Насаараа газар тариалан эрхэлж ирсэн 49 настай Ли Зо Бин одоо шинэ орон сууцны 20 давхарт амьдарч байна. 4 гишүүнтэй түүний ам бүлд 105 квадрат метр талбай бүхий сууц оногджээ. Хамт амьдарч буй эцэг эх хоёр нь тариачин байх үедээ авч үзээгүй тэтгэвэрт хамрагдсан байна. Сар бүр авах 1000 юаны тэтгэвэр тансаглахгүй бол амьдралд хангалттай хүрэлцэх мөнгө юм. Харин Ли Зо Бин одоогоор ажилгүй ч хотын захиргаанаас зохион байгуулж буй үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж, өргөгч механизмийн жолоочийн мэргэжлийн үнэмлэхтэй болохыг хичээж байна. Ихэнх ажлын зар нас заадаг тул ажилгүйчүүдийн дийлэнхийг 40-50 насныхан бүрдүүлдэг байна. Иймд шинэ орон сууцандаа гэр бүлийн хамт амьдрах цаг удахгүй ирнэ хэмээх найдлага тээсээр түр хугацаанд ажиллаж, амьдрахаар эрэг дагуух хотуудыг зорих хүмүүс ч олон байгаа юм. Ли Зо Биний эхнэр ч тэдний адил шийджээ.
Өнгөрөгч зун аварга туршилтын үр дүнд нөлөөлөх үйл явдал болов. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хэт их хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаас болгоомжилсон төв банк мөнгөний нийлүүлэлтийг багасгах арга хэмжээ авчээ. Далд эдийн засагт хэтэрхий их мөнгө эргэлдэж байна хэмээн мэргэжилтнүүд ч анхааруулах болов. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь засгийн газар санхүүгийн хүндрэлд орсоноос шалтгаалсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хардав. Чунчин хотын банкнаас авах хөрөнгийн хэмжээ багасч, бүтээн байгуулалтын ажилд саад учрах болсон байна. Үүнээс зайлсхийхийн тулд аль болох их хэмжээний газрыг богино хугацаанд борлуулахаар төлөвлөжээ. Эдийн засгийн цаашдын байдал тодорхойгүй ч туршилт үргэлжилсээр байна.
Өнөөгийн байдлаар хятадын хүн амын 70%-ийг бүрдүүлэх 900 сая хүн газар тариалан эрхлэн, хөдөөгийн тосгодод амьдарч юм. Хятадын эдийн засгийн өсөлт эх газрын хэсэгт амьдрах иргэдэд хүртэхгүй байгаагаас амьдралын түвшний ялгаа эрс ихэсч байна. Үүний нөлөө сүүлийн үед хаа сайгүй өрнөх болсон жагсаал цуглааны үед илэрч, коммунист намыг шүүмжлэх, Дэн Сяпиний үеийг санагалзах дуу хоолой ч сонсогдох болжээ. Хэрэв Чунчин хотын туршилт амжилттай хэрэгжвэл бусад томоохон хотуудад мөн адил үе шаттайгаар хэрэгжүүлж, 2030 он гэхэд хотын иргэдийн тоог 1 тэрбумд хүргэхээр тус улс төлөвлөж байна.
Эх сурвалж: NHK