Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ
Европын холбоо Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганыг иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг нь шүүмжиллээ. Ийм уриалга нь Турк улсын хүлээсэн үүрэгтэй харшилдаж, Европын холбооноос улам холдоход нөлөөлж байна гэж Евро комиссын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Брюссель, Анкарагийн хооронд чөлөөт худалдааны асуудлаар тохиролцоо байдгийг Европын холбооноос сануулжээ.
Парист саяхан исламист этгээд сургуулийн багш Самюэль Патиг хөнөөсөн хэрэг гарсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чухал гэж мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй Франц улс цаашид аливаа шог зураг, гар зургаас татгалзахгүй гэсэн байна. Энэ мэдэгдлийн дараа Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Францын төрийн тэргүүнийг лалын шашинтнуудыг үзэн яддаг, сэтгэцийн өвчтэй гээд франц бүтээгдэхүүнүүдийг бойкотлохыг иргэддээ уриалжээ.
Франц улс хариуд нь Анкарагаас Элчин сайдаа татсан байна. Реджеп Тайип Эрдоганы Эммануэль Макроныг доромжилж хэлсэн үгийг ХБНГУ-ын Засгийн газар, Евро комисс илт шүүмжилжээ.
Түүх, газар зүйн багш Самюэль Патиг энэ сарын 16-нд 18 настай чечень залуугийн гарт амиа алдахаасаа өмнө сурагчдадаа “Шарль Эбдо” сэтгүүл дээр гарсан зөнч Мохаммедын шог зургийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний жишээ болгон үзүүлсэн нь үхлийн шалтгаан болжээ.
Эммануэль Макроны үг хэлэх эрх чөлөөг хамгаалж, лалын шашинтнуудыг шүүмжилж хэлсэн үгийг Туркээс гадна Иордан, Марокко, Катар, Кувейт, Пакистан зэрэг лалын шашинт улс орнууд илт буруутгасан юм. Туркээс гадна Бангладешийн иргэд франц бүтээгдэхүүн авахгүй байхыг уриалж эхэлжээ.
Иракийн нийслэл Багдад хотод л гэхэд Францын Ерөнхийлөгчийг гахай болгон зурсан лоозонтой хүмүүс жагссан бол Иран улс сонинуудынхаа эхний нүүрэнд Макроныг Парисын чөтгөр гэж гарчиглажээ. Газад Францын бүх зүйлд бойкотлохыг уриалсан плакатыг Францын ЭСЯ-ны гадаа наасан бол Кувейтэд Франц гоо сайхан, бяслаг зэрэг бүтээгдэхүүнийг супермаркетын лангуунаас авч хаяжээ. Тэгвэл Саудын Арабаас Эммануэль Макроныг шог зураг нийтлэхийг зөвшөөрснөөр зөнч Мохаммедыг доромжлоод зогсохгүй, хэт даврагсдад тус дэм болсон гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN