Америк дахь сонгогчдын мэдээллийг Иран, ОХУ гартаа оруулжээ
АНУ-ын сонгуультай холбоотой өөр нэгэн мэдээлэл өнөөдөр олон улсын анхаарлын төвд байлаа. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд зарим улс нөлөөлөх гэсэн оролдлого ажиглагдаж байгаа талаар тус улсын албаныхан анхааруулсан юм. ОХУ, Иран нэр бүхий байгууллагууд Америкийн сонгогчдын талаарх зарим мэдээллийг гартаа оруулаад байгааг илрүүлсэн байна.
Гадаадын хоёр улс, тодруулбал, Иран, ОХУ сонгуультай холбоотойгоор олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөөр оролдож буй тодорхой үйлдлүүдийг бид илрүүлээд байгаа гэдгээ та бүхэнд сэрэмжлүүлэх зорилгоор дуулгаж байна. Юун түрүүнд, сонгогчдын бүртгэлийн зарим мэдээлэл Иран болон ОХУ-ын талд аль хэдийн очоод байгааг бид олж илрүүлээд байна. Гадаадын байгууллагууд олж авсан мэдээллээ бүртгэлтэй сонгогчид руу ташаа мэдээлэл явуулах, тэднийг төөрөгдүүлэх, Ардчилалд итгэх ард түмний итгэлийг сулруулах зорилгоор ашиглаж болзошгүй юм.
Тегераны зүгээс Америкийн сонгогчдод нөлөөлөх зарим алхмыг аль хэдийн авч эхэлсэн бол Москвагийн ямар нэгэн ноцтой үйлдлийг одоогоор илрүүлээгүй байгааг Америкийн Тагнуулын албаны дарга онцолжээ. Энэ хооронд Америкийн Мөрдөх Товчооны тэргүүн тус улсын сонгуулийн систем хамгаалалт сайтай, сонгогч бүрийн санал үнэн зөвөөр тоологдоно гэдгийг хэлсэн байна.
2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлөх гэж оролдсон талаарх мэдээлэл өнгөрсөн жилүүдэд олон улсын хэвлэлээр цацагдаж байлаа. Тус сонгуулиар Оросын хакерчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон эсрэг кибер халдлага үйлдэх, мөн хуурамч мэдээлэл тараахаар оролдсон гэж АНУ-ын зүгээс буруутгаж байлаа.
Ташрамд дуулгахад, лхагва гарагийн байдлаар Америкийн 40 сая гаруй иргэн саналаа аль хэдийн урьдчилан өгөөд байна.
Эх сурвалж: CNN