ОХУ, АНУ Стратегийн цөмийн зэвсэглэлийг бууруулах гэрээгээ 1 жилээр сунгахаар төлөвлөж байна
Стратегийн цөмийн зэвсэглэлийг бууруулах гэрээгээ ОХУ, АНУ-ын Засгийн газар 1 жилээр сунгахаар төлөвлөж байна. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яам хоёр улсын хооронд байгуулсан цөмийн зэвсэглэлийг бууруулах гэрээг 1 жилээр сунгах санал тавьсан гэж мэдэгдсэний дараа Америкийн төрийн департамент мөн мэдэгдэл хийсэн байна.
Вашингтон цөмийн зэвсгийг хянахад Оросын талаас ахиц дэвшил гаргахад бэлэн байгаад талархаж байна гээд боломжит гэрээг эцэслэхээр даруй уулзалт хийхээр бэлтэж байна гэжээ. Ингэхдээ Москва нэг жилийн хугацаанд цөмийн цэнэгт хошууныхаа тоог бүрэн зогсооход бэлэн гэснээс гадна Вашингтон бидэнтэй ижил алхам хийж, нэмэлт нөхцөл болзол тавихгүй бол сая дурдсанчлан цөмийн цэнэгт хошуугаа зогсоож, гэрээгээ сунгах боломжтой гэж Гадаад хэргийн яамаараа дамжуулан мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнээс өмнө нөхцөл болзолгүйгээр гэрээг 1 жилээр сунгах санал дэвшүүлж байсан юм. Хоёр улсын байгуулсан стратегийн зэвсгийг бууруулах уг гэрээний хугацаа ирэх хоёрдугаар сард дуусна. Гэтэл энэ хугацааг сунгах яриа хэлэлцээ мухардалд ороод байсан юм.
Гэрээгээр стратегийн цөмийн цэнэгт хошууг хориглоно гэж заасныг өргөжүүлж цэргийн бэлэн байдалд ашигладаг цөмийн зэвсгийг хамруулахыг Вашингтон хүссэн бол Москва эсэргүүцсэн юм. Санал зөрөлдөөний улмаас Америкийн засаг захиргаа уг гэрээнд Хятадыг татан оруулахыг шаардсан.
Үүний цаана Америкийн тал энэ гэрээг сунгах яриа хэлэлцээгээр дамжуулан олж авсан цаг хугацаагаа өөрсдийн гэсэн цөмийн зэвсгийг хөгжүүлж байгаа Бээжинг багтаасан гэрээ болгоход ашиглаж байж магадгүй гэж "Волл стрийт" журнал бичиж байсан юм.
Эх сурвалж: BBC