Армени, Азербайжан хоёр дахь тохиролцоогоо зөрчиж, дахин гал нээв
Нагорно-Карабах бүс нутагт өнгөрсөн сарын 27-нд дахин дэгдсэн Армени, Азербайжаны мөргөлдөөн ширүүсч, дэлхий нийтийн санааг хамгийн их зовоож байна. Үүнийг 1994 оноос хойших хамгийн том хэмжээний мөргөлдөөн хэмээн дэлхий нийт үзэж байна. Энэ хоёр улс өчигдрийн 00:00 цагаас эхлэн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаа Гадаад хэргийн яамд нь бямба гаригт зарласан. Гэвч тохиролцоогоо дахин зөрчиж , харилцан гал нээж эхэлжээ.
ЗХУ задран унах үед буюу 1991 онд Азербайжаны харьяанд байсан Армен үндэстнүүдээс бүрдэх Уулын Карабах автономит муж тусгаар тогтнолоо зарлаж, Бүгд Найрамдах Уулын Карабах улс гэж нэрээ өөрчилсөн түүхтэй. Тухайн үед ЗХУ Уулын Карабахчуудын тусгаар тогтнолыг дэмжсэн нь тус бүс нутагт Азербайжан улсыг цэргийн үйл ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгосон байдаг. Ингээд Армени улс Уулын Карабах дахь нутаг нэгтнүүдээ хамгаалахаар цэрэг илгээсэн бөгөөд Армени болон Азербайжаны хооронд хоёр жилийн турш үргэлжилсэн дайны улмаас 30-35 мянган хүн амь үрэгдсэн гэж үздэг. ОХУ 1994 оны тавдугаар сард Азербайжан, Армен болон Бүгд Найрамдах Уулын Карабах улсын хооронд зуучилснаар талууд харилцан гал зогсоох гэрээ байгуулсан юм.
Гэсэн ч НҮБ болон Европын холбоо Бүгд Найрамдах Уулын Карабах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд одоо хэрнэ Азербайжаны нэг хэсэг гэж үздэг. Тус улс 2017 онд Бүгд Найрамдах Уулын Арцах улс болж нэрээ өөрчилсөн байдаг.
Уулын Карабах мужийг байгалийн хий болон газрын тос дамжуулах томоохон хоолой дайран өнгөрдөг. Тиймээс энэхүү бүс нутагт дан ганц Армени болон Азербайжаны хооронд үл ойлголцол байгаад зогсохгүй бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдал талаасаа ОХУ, Турк, Иран зэрэг хөрш зэргэлдээ орнуудын хувьд чухал эрх ашигт тооцогддог. Уулын Карабахын нийт хүн амын 99 хувь нь Апостол шашинт Арменчууд бөгөөд үлдсэн хэсэг нь энэхүү нутагт анх амьдарч байсан Исламын шийт урсгалыг шүтэгч уугуул Азербайжанчууд аж. Хамгийн сүүлд энэхүү бүс нутагт 2016 онд Армени болон Азербайжаны хооронд том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болж 200 гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Арменийн Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч “Тохиролцоонд хүрснээс ердөө дөрвөн минутын дараа Азербайжан их буу, пуужингаар галлаж, гал зогсоох дэглэмийн зөрчсөн” гэж мэдэгдлээ. Харин Азербайжаны зүгээс гэрээнээс хоёр минутын дараа Армени хэлэлцээрийг зөрчсөн гэсэн хариу өглөө. Уг нь хоёр улс харилцан гал зогсоох гэрээнд Оросын зуучлалаар бямба гаригт гарын үсэг зурсан билээ. Армений хөөргөсөн пуужингаас болж 13 энгийн иргэн, 45 цэрэг шархадсан гэж мэдээллээ.
Эх сурвалж:BBC