Дональд Трамп хуурамч бүтээгдэхүүн худалдаалахтай тэмцэх санамж бичигт гарын үсэг зурлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп интернэтээр хуурамч бүтээгдэхүүн худалдаалахтай тэмцэх санамж бичигт гарын үсэг зурлаа. “Хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаа нь Америкийн компаниудын оюуны өмчийн эрхийг зөрчиж, тэдний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, америк ажилчдад хор хохирол учруулж байна. Хуурамч барааны худалдаа нь түүнчлэн онлайн хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулдаг. Цахим худалдааны талбар бол хуурамч бараа бүтээгдэхүүний хууль бус эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж, зуучлагч нь болж, худалдааны талбар гаргаж өгдөг газар” гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас гаргасан баримтад тэмдэглэжээ.
Санамж бичгийн дагуу АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам интернэт дэх хуурамч бараа бүтээгдэхүүний эргэлттэй тэмцэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авах боломжийг судална. Тухайлбал, АНУ-д импортолж байгаа хуурамч бараа бүтээгдэхүүнийг хураан авах, ийм хуурамч бараа бүтээгдэхүүнийг АНУ-д оруулж ирсэн асуудалд холбогдсон цахим худалдааны талбарт их хэмжээний торгууль ногдуулах зэргийг багтаажээ. Үүнээс гадна Америкийн Дотоод аюулгүй байдлын яам Хууль зүйн яамны удирдлагуудтай зөвлөлдөж, 120 өдрийн дотор хуурамч бараа бүтээгдэхүүний эргэлтийг хориглоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулах юм байна.
Сонирхуулахад, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хуурамч бараа бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаа явуулахад 2016 онд дэлхий даяар хуурамч бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 509 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь дэлхийн худалдааны нийт хэмжээний 3.3 хувь нь гэсэн үг. 2013 онд энэ үзүүлэлт 2.5 хувьтай байсан юм.
Дэлхий даяар хуурамч барааны хамгийн том үйлдвэрлэгчээр Хятад, араас нь Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Турк ордог. Бараа бүтээгдэхүүнээр нь ангилж үзвэл, дэлхийн нийт гутлын 27 хувь нь хуурамч байдаг. Үүнээс "Найк", "Адидас", "Пума" зэрэг спортын алдартай брэндүүдийг дууриалган хийж зарах нь түгээмэл байдаг гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC