Францын музейд тавигдах байсан Чингис Хааны үзэсгэлэн Бээжингийн шаардлагаас болж хойшлогджээ
Францын Нант хот дахь түүхийн музей нь Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын музейтэй хамтран Чингис хаан ба Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлсэн үзэсгэлэнгийн төслийг олон жилийн турш боловсруулсны үр дүнд бэлэн болоод байжээ.
Түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчид зориулсан тус үзэсгэлэн 2020 оны 10-р сарын 17-нд нээлтээ хийх байсан ч үзэсгэлэн олон улсын нөхцөл байдал, коронавирусын хямралын улмаас аль хэдийн хойшлогдсон байв.
Тус музей байрладаг Бретанийн цайзын эзэн Бертран Гийлет энэхүү явдлын талаар дараах мэдэгдлийг гаргасан байна:
"Францад хэзээ ч танилцуулагдаж байгаагүй энэхүү үзэсгэлэн-арга хэмжээг 2021 оны эхний хагаст зохион байгуулж чадна гэж найдаж байв. Гэвч Хятадын засгийн газрын өвөрмонгол цөөнхийн эсрэг байр суурь хатуу болсноос болж бид энэ үзэсгэлэнг 2024 оны 10-р сар хүртэл хойшлуулахаас өөр аргагүй боллоо.
Эхэндээ Хятадын эрх баригчид дээрх үзэсгэлэн дээр зарим нэг хориотой үг хэллэг хэрэглэгдсэн (Чингис хаан, эзэнт гүрэн, Монгол гэх мэт үгс) тул хасах тухай тушаалын нөлөөлсөн. Дараа нь өнгөрөгч зуны төгсгөлд үзэсгэлэнгийн агуулгыг өөрчлөх тушаалыг гаргасан бөгөөд манай бүх бүтээл (текст, газрын зураг, каталог, харилцаа холбоо)-д хяналт тавихыг тэд хүссэн юм. Бээжингийн соёлын өвийн газраас бичсэн шинэ агуулга нь Чингисийн үеийн түүх, соёлыг өөрчлөн өөрсдийн үндэсний эрх ашигт нийцүүлэн Монголын түүхийг бүрэн алга болгож уусгаж авахад чиглэсэн нэг талыг барьсан элементүүдийг агуулсан байжээ.
Мэдээжийн хэрэг, биднийг дагалдан яваа түүхчид, мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу бид өөрсдийн байр сууриа хамгаалж хүн, шинжлэх ухааны суртахууны үнэт зүйлсийн төлөө энэхүү үзэсгэлэнг зогсоох шийдвэрийг гаргалаа."
Бриттани-Нантын түүхэн музейн захирал Бертран Гийлет
Эх сурвалж: chateaunantes.fr