АНУ-ын технологийн давамгайллыг гүйцэх Хятадын төлөвлөгөө
Хятад улс олон арван жилийн турш үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт роботын технологийг ашиглаж ирсэн бөгөөд саяхан үйлдвэрүүдээ бүрэн автоматжуулахад туслах хүчирхэг хиймэл оюун ухааны шинэ технологийг нэвтрүүлж эхэлжээ.
Энэ нь Хятадын хувьд чухал бүтээн байгуулалт бөгөөд үүний нөлөөгөөр АНУ хиймэл оюун ухааныг орон нутгийн үйлдвэрлэлд ашиглах зам руу түлхэж байгаа юм. Энэ алхам нь хоёр орны хувьд роботын салбарт том ахиц авч ирэх боловч ихэнх ажлыг хиймэл оюун гүйцэтгэснээр ажлын байрны тоо буурах аюултай юм.
Гэхдээ хиймэл оюуны үйлдвэрлэл бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний технологийн салбарын хувьд илүү байгаа АНУ-ыг гүйцэх, Хятадыг АНУ-ын технологоос бага хамааралтай болгох гэсэн алсын харааны нэг л алхам юм.
"South China Morning Post"-ын нэгэн нийтлэлд 2020 оны 5-р сард Ши даргын алсын харааг танилцуулж, Хятад улс 2025 он гэхэд технологийн салбарт давамгайлах зорилтыг тайлбарлаж өгөв. Тус нийтлэлээс богино хэсгийг энд оруулав.
Тус сонинд "Бээжин гол технологиудын салбарт дэлхийд манлайлагч болох үй явцыг түргэсгэж, шинэ үеийн утасгүй сүлжээнээс хиймэл оюун ухаан (AI) хүртэлх бүх зүйлийг нэвтрүүлэх замаар нэг их наяд гаруй ам.долларыг эдийн засагт оруулахаар төлөвлөж байна.
Ши Жиньпин даргын баталсан ерөнхий төлөвлөгөөнд Хятад улс зургаан жилийн хугацаанд 2025 он хүртэл 10 их наяд юань (1.4 их наяд ам.доллар) хөрөнгө оруулалт хийх бөгөөд хотын засаг захиргаа, Huawei Technologies зэрэг хувийн өндөр технологийн компаниудыг 5G утасгүй сүлжээ тавихад туслахыг уриалав. Үүний нөлөөгөөр камер, мэдрэгч суурилуулах, автоматжуулсан үйлдвэрүүд рүү чиглэсэн бие даасан жолоодлого, бөөнөөр тандалт хийхэд дэмжлэг үзүүлэх хиймэл оюун ухааны програм хангамж боловсруулах зэрэг ажил хийгдэх юм.
Дэд бүтцийн шинэ санаачилга нь АНУ-ын компаниудын зардлаар Алибаба Групп Холдинг, Хуавэйгаас SenseTime Групп хүртэл голчлон орон нутгийн аварга компаниудыг хөгжүүлэх төлөвтэй байна. Технологийн үндсэрхэг үзлийг бэхжүүлэхийн хэрээр хөрөнгө оруулалтын хөшүүрэг нь БНХАУ-ын гадаад технологиос хараат байдлыг бууруулж, өмнө нь "Хятадад үйлдвэрлэв 2025" хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх юм. Ийм санаачилгууд Трампын засаг захиргааны зүгээс аль хэдийн ширүүн шүүмжлэлд өртөж, үүний үр дүнд Huawei гэх мэт Хятадын технологийн компаниудын өсөлтийг зогсоох алхамууд гарсан." гэжээ.
Дээрх нийтлэл дэх "технологийн үндсэрхэг үзэл" гэсэн нэр томъёог анхаарч үзээрэй.
Бодит байдал бол Ши дарга Хятадад байдаг бүх зүйлийг үндэсний болгохыг хүсч байгаа тул Хятад улс өөрөө бараа, үйлчилгээ, технологитой холбоотой бүтээгдэхүүний гол нийлүүлэгч болох юм. Тэрээр Хятад улсыг 2025 он гэхэд бие даасан байдалтай байхыг хүсч байгаа бөгөөд үндэсний технологийн салбар Хятадын 1.4 их наяд ам.долларын сангаас санхүүгийн асар их дэмжлэг авах болжээ.
2020 оны 9-р сарын 1-нд Fortune мэдээллийн товхимол дээр Eye On AI-ийн зохиолч Жонатан Ваниан Google-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидтээс Хятадын хиймэл оюун ухааны зорилтыг онцолсон сэтгэгдлийг хуваалцав.
"Google-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт өнгөрсөн долоо хоногт аюулын харанга дэлдэж, Хятад улс хиймэл оюун ухаан дахь манлайллыг дэлхийн хэмжээнд "өндөр технологийн авторитаризм "-д хүргэж болзошгүй тодорхойлов. Хэрэв бид одоо л ямар нэг юм хийхгүй бол 10, 20 жилийн дараа бид "Ийм зүйлийг яагаад бид хажуугаараа өнгөрөөчихвөө?" гэж хэлэх болно" гэж Шмидт Хоёр намын бодлогын төв (BPC) судалгааны төвөөс зохион байгуулсан онлайн арга хэмжээний үеэр хэллээ.
Одоо АНУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын инновацийн зөвлөлийн дарга Шмидт хэлэхдээ хиймэл оюун ухааны судалгаанд засгийн газрын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь "хувийн хөрөнгөөр бүтээх боломжгүй" тул энэ асуудлыг чухалчлан анхаарах хэрэгтэй аж.
Эрик Шмидт технологийн салбарт төрийн туслалцаа хэрэгтэй гэж үзэж байгаа тул АНУ-ын засгийн газар энэ асуудлыг мэдэж байгаа нь тодорхой байна. АНУ-ын зүгээс Хятадын эдгээр алхмуудыг эсэргүүцэх, эсвэл өөрсдийн технологийн хүчирхэг байр сууриа хадгалж үлдэхийн тулд Хятадтай нүүр тулан өрсөлдөх бэлтгэлээ хангах, үүний тулд юу хийх вэ гэдэг нь том асуудал гарч ирнэ.
Хэрэв Ши дарга амжилттай ажиллавал бид дэлхийд хоёр талд салангад технологийн нийлүүлэлтийн сүлжээ хөгжиж, Хятадад үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн барууны орнуудад хүрч чадахгүй болно. Үүний нэг анхааруулга бол Хятад улс даяаршлын төлөө тууштай хэвээр байгаа бөгөөд тус улсын хэд хэдэн үйлдвэрлэгчид барууны орнуудтай холбоотой хэвээр байх нь дамжиггүй. Гэхдээ Хятад улс барууны орнуудтай хийх худалдаагаа зогсоовол АНУ Хятадаас авч буй бүтээгдэхүүнийг хаанаас орлуулж болох вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Технологи, хүнсний хангамж гэх мэт бүхий л салбарыг үндэсний болгох чиглэлээр хийсэн Хятад улсын эдгээр алхамууд хариултаас илүү олон асуулт дагуулж байгааг би хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Google-ийн Гүйцэтгэх захирал асан Эрик Шмидтийн хэлсэн зөв үг бол АНУ-ын зүгээс Хятадыг эсэргүүцэх төлөвлөгөө боловсруулж, ядаж л Хятадаас авах сая сая нэр төрлийн барааг өөр газар авахаар бэлтгэлээ базааж эхэлсэн нь дээр.
Эх сурвалж: Forbes