Европын холбоо Беларусийн 40 гаруй албан тушаалтанд хориг тавихаар боллоо
Европын Холбоо ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг будлиантуулсан, тайван жагсаалд оролцогчдыг хүчээр дарах оролдлого хийж байгаа зэрэг үндэслэлээр Беларусийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахаар тохирлоо. Уг хоригт Беларусийн 40 гаруй албан тушаалтныг хамруулах юм байна.
Европын холбооны гишүүн 27 орон бүгд 8 дугаар сарын 9нд болсон Беларусын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Беларусын уг сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко ялж, түүний бүрэн эрхийг 6дахь удаагаа сунгахаар болсон юм. Гэвч Беларусийн ард түмэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, өнөөдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж байна. Европын холбооны орнууд ч Беларуст дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж, Беларусийн албан тушаалтнуудыг хоригт оруулахаар шийдвэрлэж байна.
Гэхдээ Европын холбоо Беларусийн асуудал дээр нэгдсэн тохироонд хүрэхэд Кипр улс эхлээд хориг тавьсан. Учир нь Киприйн Газар дундын тэнгисийн эрэгт маргаантай бүсэд эрчим хүчний олборлолт хийж байгаа Туркийн эсрэг арга хэмжээ авахыг Европын холбооны бусад гишүүн орнуудаас шаардсан байна. Европын холбоо асуудлыг хэдэн цаг хэлэлцсний эцэст уг асуудал дээр Кипр, Грекийг дэмжиж, Туркд далай тэнгисийн ёроолд өрөмдлөгийн ажлаа зогсоохгүй бол хориг тавина гэдгээ анхаарууллаа.
Эх сурвалж: CNN