10 жилийн дараа Монголдоо амьдраад төрсөн бодол минь
Одоогоос 10 жилийн өмнө би Японд ирээд ажиллаж амьдарч эхэлсэн юм.Тухайн үед нутагтаа үлдсэн найз нөхөд, хамаатан садангийнхаа хажууд би өөрийгөө 1 алхам урагшилж түрүүнд нь алхаж байна гэж бодсон юм. Үнэхээр ч тийм байсан.Тэдний үзээгүй оронд би амьдарч,тэдний мэддэггүй хэлийг би сурч, тэдний хүртээгүйг би хүртэж байгаа юм шиг л санагдаж байсан юм.Монголд ажил гэж юу байдгийг мэддэггүй ирсэн хүүхэд ёстой л мөнгө олох зорилгынхоо төлөө гараа зулгартал олдсон ажил болгоныг хийж явлаа.
Зорьсондоо ч хүрч хэдэн олсныгоо Монгол явуулж эхлээд машин дараа нь байр гээд амь амьдрал минь Монголд дээшилсээр л байлаа.Эхэндээ ч Японд ганцаардаж ажил гэр, гэр ажил гэсэн маршрутаасаа залхсан ч гэсэн мөнгө олох л зорилго маань намайг урагшлуулсаар сүүлдээ ч зожиг болж Японд байгаа амьдралдаа бүр дассан юм.Японд байхад Монголын тухай саар мэдээ сонсох бүртээ буцмааргүй санагддаг байлаа.Улаанбаатарын утаа, хэдэн идэж уусан дарганцрууд, хууль нь үйлчилдэггүй гээд янз бүрийн асуудлыг бодохоор Монголд амрах гэж л очихоос биш амьдарна гэж боддоггүй явлаа.
Ингээд би гэж амьтан зун нь Монгол харьж амардаг байсан юм.Очихоороо нэг л их мөнгөтэй баян амьтан найзуудтайгаа амралтанд явж аав ээж, ахан дүүстээ цацаж байгаад ирнэ.Японд ирээд нөгөө хэмнэлт амьдрал руугаа орно. Ажил, гэр гэж яваад амралтын өдрөө өдөржингөө унтаж өнгөрүүлнэ. Үнэтэй байрны түрээс, идэх хоолоо хагас хугаслаж байж хэдэн иен цааш нь хийнэ.Хааяадаа фэйсбүүкдээ зургаа тавихдаа хачин гоё амьдарч байгаа зургаа тавина.
Япон хүний ааш занг сайн мэдэж аяыг нь олж харьцсаар нэг л мэдэхэд 10жил өнгөрч нас минь явж хань ижилгүй, Монголд байр машинтайгаас цаашгүй нөхөр болсон байна лээ.10 жилийн дотор юм юм л болж байлаа.Эгч дүү нарын хүүхдүүд улам л үржиж аав ээж минь ач зээгээ харсан эмээ, өвөө болцгоосон юм. Хамгийн хайртай буурай маань өнгөрөхөд хажууд нь байхгүй яав даа гэж одоо ч харамсдаг юм.Надаас 1 алхам хоцорч үлдсэн найз нөхөд минь аль хэдийн хэдэн хүүхдийн аав ээж болцгоосон зээлээр авсан ч гэсэн амьдрал нь хүрэлцээтэй, ажилдаа тушаал дэвшицгээсэн эсвэл хувийн бизнесээ эрхэлсэн амжилттай яваа үлгэр жишээ залуус болсон байна лээ.
Гэтэл би 10 жил ажлын боол болж, умгар өрөө түрээсэлж 1 л маршрутаараа явсаар хувь хүн талаасаа огт хөгжөөгүй, өөрийн гэсэн гэр бүл, амь амьдралгүй нэгэн болсон байсан юм. Ээж минь үргэлж л намайг өөрийгөө бод, хань ижилтэй бол, нас чинь явлаа,Монголдоо амьдар гэж үглэдэг байсан.Би тухайн үед Монгол бүр мөсөн буцвал очоод хийх ажилгүй, Монгол хөгжитлөө л удна гэж бодон дассан маршрутаараа амар тайван Японд байя гэж боддог байсан юм. Сүүлдээ амьдралаас залхаж өөрийгөө ажил хийхээс өөр юм мэдэхгүй амьтан гэж бодохоор өрөвдөж хааяа уйлдаг байлаа.
Бусадтай адил аялж зугаалж, хайртай хүнтэй болж хамт амьдрах юмсан гэсэн бодол маань намайг тал талаас зулгааж байв.Ингэж сүүлийн 2,3 жил явахдаа Японд түр хугацаагаар ирсэн монголтой танилцаж бид чатаар харьцсаар би түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болж Японоос бүр мөсөн буцаж Монголд шинэ амьдралаа эхлүүлсэн юм.Японд байсан үеүүдээ бодохоор надад цаг хугацаа хайран санагддаг.Японоос би ажлыг сайн хийж, хүнтэй зөв харьцаж, хүнд төвөг удахгүй (мэйваку) гэсэн чанаруудыг сурсан.
Би Монголдоо ирээд жил хагас болж байна.Монгол маань маш хурдан хөгжиж байгаа.Залуус их зөв тал руугаа явж байна.Японд ажил чухал учир гэр бүлтэй болохоос төвөгшөөдөг бол Монгол залуус их олон хүүхэдтэй болохыг зорьж байна.3 хүүхэдтэй бол нэг мөсөн одон авья гэж 4 гаргах нь элбэг байна .Хамгийн гол нь зээлээр авсан ч гэсэн саруулхан сайхан байрандаа халуун ам бүлээрээ шаагилдаж амьдрах залуус бол Монголын залуус юм.Монголчууд гэртээ улам л гое амьдарч байна.Айл болгон гэрээ маш сайхан өөрсдийн шийдлээр засаж маш тохь тухтай амьдарч байна.Гэтэл би Японд 10 жил 4 умгар хана харж амьдарсан гэж бодохоор үнэхээр тэнэг санагддаг юм.
Бас монгол залуус зун нь хүүхдүүдээ лагерьт гаргаж өөрсдөө хүүхдүүдээ харж нарласан шиг амардаг юм байна.Дийлэнх нь өөрсдийнхөө хэмжээнд зуслангийн байшинтай.Монголд өөрийгөө олбол амьдрахад хамгийн таатай ЗАЛУУ бас амьдрал буцалсан орон гэж бодож байна.
Хэрэв гадаадад байгаа та нарын аав ээж чинь хөгшин настай бол амжиж дэргэд нь хэдэн жил ч гэсэн амьдраарай, өөртөө дүгнэлт хийж үлдэх үү буцах уу гэдгээ шийдээрэй. Миний бодол бусдад таалагдахгүй байж болно та ч гэсэн өөрийнхөө бодлыг бичээрэй.
Эх сурвалж: Фэйсбүүк