Хятадын эрх баригчид Хонгконгийн Ардчилсан хөдөлгөөний идэвхтэн Жошуа Вонгийг баривчилжээ
Хонгконгийн Ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч 23 настай Жошуа Вонгийг өнгөрсөн жилийн 10-р сард хууль бус жагсаал цуглаанд оролцож, маск зүүхгүй байх тухайн үеийн журмыг зөрчсөн хэргээр баривчилжээ.
Өнгөрсөн жил Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн эрх баригчдын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж олон сарын турш жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилж, 6-р сарын 30-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Хонгконгийн цагдаагийн газар өнгөрсөн жилийн жагсаал цуглаанд оролцсон хэргээр ардчилсан иргэний хөдөлгөөний хэд хэдэн төлөөллийг баривчлаад байгаа ба өнгөрсөн жилийн 10-р сарын 5-нд хууль бус жагсаал цуглаанд оролцсон хэргээр Жошуа Вонгийг өнгөрсөн пүрэв гарагт баривчилжээ.
1997 он хүртэл Хонгконгийн тусгай захиргааны бүсийг эзэмшиж байсан Их Британи улс Жошуа Вонгийг баривчилсан явдалд зовниж буйгаа илэрхийлжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб, "Жошуа Вонгийг баривчилсан явдалд маш ихээр санаа зовж байна. Түүнийг баривчилсан нь Хонгконгийн эрх баригчид ардчилсан хөдөлгөөнийхнийг зориудаар хорьж байгаа бас нэг жишээ боллоо. Хятад болон Хонгконгийн эрх баригчид Их Британитай хийсэн хамтын зөвшилцлийн дагуу Хонгконгийн иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёстой." гэжээ.
23 настай Жошуа Вонгийг баривчлахаас 6 долоо хоногийн өмнө Хонгконгийн цагдаагийн газар тэрбумтан Жимми Лайг гадны хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан хэргээр баривчилсан билээ. Жошуа Вонгийн хувьд 2014 онд Хонгконгт болсон ардчиллын төлөөх Шүхэрт хөдөлгөөнд 17 настайдаа оролцож байсан ба түүнээс хойш тэрээр иргэний ардчилсан хөдөлгөөнийг дэмжиж, Хонгконгийн тусгай захиргааны бүсийг Бээжингийн эрх мэдэлд орохын эсрэг үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн юм. Хятадын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл хэрэгжүүлж эхэлсний дараа Жошуа Вонг өөрийн өрдчиллын төлөөх Демосисто нэртэй бүлгийг тараасан юм. Түүний хамтрагч Агнем Чоуг ардчилсан иргэний хөдөлгөөний хоёр төлөөлөгчийн хамтаар өнгөрсөн 8-р сард баривчилсан билээ.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу салан тусгаарлах үзэл санаа илэрхийлсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан, гадны хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан этгээдэд насаар нь хорих хүртэл шийтгэл ноогдуулах юм.
Эх сурвалж: Reuters