АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо
БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах оронд /ШУӨЗО/ хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан тус орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэрийг АНУ-ын Конгрессын доод танхим дэмжжээ.
АНУ-аас Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын бүс нутгаас авдаг улаан лооль, хөвөнгийн импортыг өмнө нь зогсоож байсан бөгөөд энэ удаад бүх төрлийн барааг хориглосон байна.
Эдгээр нь ШУӨЗО-д байрладаг хэд хэдэн компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд үйл ажиллагаандаа албадан хөдөлмөр ашигладаг гэж Вашингтон үзэж байгаа аж. Тодруулбал, ийм компаниудын үйлдвэрлэсэн хувцас, хөвөн даавуун бүтээгдэхүүн, компьютерын эд ангиудыг импортлохыг хориглосон байна.
“Ийм арга хэмжээг авснаар бид БНХАУ-ын Засгийн газар дараа нь АНУ руу импортлохыг оролдож байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ашигладаг орчин үеийн боолчлолын нэг хэлбэр болох хууль бус албадан хөдөлмөртэй тэмцэж байна” гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Кена Кучинелли мэдэгджээ.
НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр Шинжаан дахь нэн сая шахам уйгур үндэстнийг Хятадын хэл, соёлд сургах нэрийдлээр хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрүү шүүлт тулгах, хүчирхийлэл үйлдэж байна. Үүний эсрэг АНУ болон бусад орнуудын зүгээс Хятадад шахалт үзүүлж, хүний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж буй.
Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого өмнө нь салан тусгаарлах бослого тэмцлийг дарах байсан бол өдгөө Ши Жиньпиний санаачилсан Азийг Европтой холбох нэг бүс-нэг зам худалдааны чиглэлийн газрын маршруттай холбоотой өөрчлөгджээ. Шинжаан-Уйгур нь Хятадын бусад мужаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км урт буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж. Нийт 47 үндэстэн, ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Тус мужид Хятадын Засгийн газраас дэд бүтэц, санхүүгийн салбарт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эх сурвалж: Forbes