Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ
Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн буусан зочид буудлын өрөөнд байсан цэвэр усны савнаас "Новичок" бүлгийн хорт бодис илэрчээ. Томскоос Москва хотын чиглэлд нисч байсан онгоцонд бие нь огцом муудсан А. Навальныйг Томск хотын онгоцны буудал дээр хордуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан билээ.
Тэгвэл А.Навальныйгийн Томск хотод буусан зочид буудлын өрөөнд байсан цэвэр усны савнаас Новичок бүлгийн хорт бодис илэрсэн байна. Энэ талаар А.Навальныйгийн багийнхан түүний албан ёсны инстаграм хуудсанд тодорхой бичиж, видео бичлэг нийтэлсэн байна. Оросын сөрөг хүчний томоохон төлөөлөл, Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэгч А. Навальный Берлины Шарите эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Багийнхан нь болон Оросын сөрөг хүчнийхэн түүнийг В. Путины тушаалаар хордуулсан гэж үзэж байгаа ч Кремлийн зүгээс уг хэрэгт ямар ч холбогдолгүй, Оросын эмч нар А. Навальныйгаас Новичок бүлгийн хорт бодисоор хордсон гэх баримт нотолгоо олоогүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Орост уг хэрэгтэй холбоотойгоор албан ёсоор хэрэг үүсгэж шалгаж эхлээгүй байгаа аж. А.Навальныйгийн авлигын эсрэг санг тэргүүлдэг Иван Ждановын мэдэгдсэнээр Томскийн мөрдөгчид А. Навальныйгийн бие муудах үед дэргэд нь байсан хоёр хүнээс байцаалт авахыг хүссэн байна.
А.Навальныйгийн бие муудаж, түүнийг хордсон байж болзошгүй гэж сэжиглэж эхэлсэний дараагаар түүний багийнхан өмгөөлөгчийн хамтаар зочид буудлынх нь өрөөнөөс хортой бодис шингээсэн байж болзошгүй гэх бүх зүйлсийг хурааж, ХБНГУ руу илгээжээ. А. Навальныйгийн инстаграм хуудсанд тавигдсан бичлэгээс түүний багийнхан бээлий өмсөн зочид буудлынх нь өрөөнд байгаа эд зүйлсийг уутанд хийж байгааг харж болох ба түүний орны хажууд цэвэр усны хэд хэдэн сав байгаа нь камерт бичигджээ.
Оросын Проект цахим мэдээллийн агентлаг Новичок бүлгийн хорт бодисуудыг гаргаж авахад оролцсон эрдэмтдийн нэг Владимир Углеваас энэ талаар тодруулахад тэрээр А. Навальныйгийн биеийн байдал түргэн хугацаанд сайжирч байгаа нь хорт бодис цэвэр усан дотор бус цэвэр усны савны гадаргуу дээр байсан байх магадлал өндөр гэдгийг онцолжээ. Омск эмнэлгээс Берлины эмнэлэг рүү шилжсэн А. Навальныйд хийсэн шинжилгээгээр германчууд түүнийг Новичок бүлгийн хорт бодисонд хордсон болохыг тогтоосон ба Франц, Шведийн лабораториуд мөн адил хариу хэлээд байгаа аж.
А.Навальныйд тохиолдсон явдал Орос, Герман хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгаад байгаа ба Европын Холбооны парламент А. Навальныйгийн хордсон явдлыг олон улсын түвшинд шалгахыг Европын холбооноос шаардаад байгаа аж.
Эх сурвалж: BBC