Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа
Цагаан ордонд Израиль улс Арабын 2 оронтой дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Тодруулбал, Израиль, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн улсуудын удирдагчид харилцаагаа хэвийн болгох түүхэн гэж тодорхойлж буй гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээг байгуулахад АНУ зуучлагчаар оролцсон юм.
Харилцаагаа ийнхүү бүрэн хэвийн болгох нь Израиль болон Ойрх Дорнодын хөрш орнуудын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болох төдийгүй талуудад улс төр, эдийн засгийн үр ашигтайг онцолж байна.
Арабын хоёр улстай харилцаагаа хэвийн болгосныхоо хариуд Израиль улс Иордан голын баруун эрэг дэх Палестины нутаг дэвсгэрийг /еврейн суурингууд байрладаг/ өөртөө нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж байна. Энэ нь Палестин-Израилийн сөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн Д.Трампын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер /Трампын хүргэн/ цаашдаа арабын бүх 22 улс Израилийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Эмират, Бахрейн хоёр бол Израильтай албан ёсоор эвлэрлийн гэрээ байгуулсан Арабын ертөнцийн 3 ба 4 дэх улсууд юм. Өмнө нь 1979 онд Египет улс, 1994 онд Иордан улс Израильтай харилцаагаа хэвийн болгож байсан билээ.
Персийн булангийн орнуудын хувьд, нефть, байгалийн хийгээс хэт хамааралтай байдлаас ангижирч, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усжуулалт, усан хангамж, цөлжилттэй тэмцэх салбарт израильчуудын гарган авсан хосгүй технологиуд, инновацийн ололтуудыг ихэд сонирхож байгаа юм. Эмират, Бахрейн хоёрын санхүүгийн үлэмж их нөөц нь Израилийн супер технологитой хосолсноор хөгжлийн асар их боломж гарч ирнэ гэж “Нью-Йорк таймс” сонинд дүгнэн бичжээ.
Ингэснээр Израиль улс Арабын 3 дахь, булангийн анхны араб оронтой дипломат харилцаа тогтоож байна. 1948 онд Израиль тусгаар тогтнолоо зарласнаас хойш 31 жилийн дараа буюу 1979 онд Египеттэй, 46 жилийн дараа буюу 1994 онд Иордантай энхийн гэрээ байгуулсан байдаг.
Эх сурвалж: BBC