АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй
Олон жил үргэлжилж байгаа ч үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ, Хятадын худалдааны дайн билээ.
Энэ жил хоёр улсын маргаан хурцдаж, бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах бус цахим платформуудыг ашиглахыг хориглохоос эхлээд консулын газруудаа хааж харилцаа нэлээд хүнд байдалд ороод байна. Саяхан АНУ цөөнх үндэстэн уйгур иргэдийн эрхийг зөрчиж албадан хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн Хятадыг буруутгаж улмаар Шинжаанаас оруулж ирдэг зарим бараанд хориг тавилаа.
Тухайлбал, Анхуй, Шинжаан мужийн таван үйлдвэрээс хөвөн, компюьтерийн эд анги, үс арчилгааны бүтээгдэхүүн, гадуур хувцас импортлохыг хориглов. Энэ хориг нь Шинжаан дахь нөхцөл байдлын улмаас Хятадад шахалт үзүүлэх Трампын засаг захиргааны хамгийн сүүлчийн алхам гэв. Энэ талаар АНУ-ын Хил хамгаалах агентлагийн комиссарын орлогч Марк Морган “Бүтээгдэхүүнд тавьсан энэ хориг нь хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж ашиг олсон хүнлэг бус үйл ажиллагааг АНУ тэвчихгүй гэдгээ олон нийтэд зарлаж буй хэрэг юм.
Албадан хөдөлмөр эрхлэх нь хүний эрхэнд хэрцгийгээр халдаж байгаа үйлдэл юм” гэж ярьжээ. Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 хувийг хангадаг. Үүний ихэнхийг нь Шинжаанд үйлдвэрлэдэг. Шинжаан бол нефт химийн бодис болон бусад бүтээгдэхүүнээр Хятадыг хангадаг чухал муж юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин