ОХУ Америкчууд Беларусьт хувьсгал хийхийг оролдож байна хэмээн буруутгажээ
ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин АНУ-ыг Беларусьт хувьсгал хийж, Ерөнхийлөгч А. Лукашенког албан тушаалаас нь унагахыг оролдож байна хэмээн өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
Тэрээр америкчуудыг Беларусьт ээлжит нэг өнгөт хувьсгал зохион байгуулж, хууль бусаар төрийн эргэлт хийх гэж оролдож байна, энэ нь Беларусийн ард иргэдийн ашиг сонирхолтой ямар ч хамаагүй гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар Вашингтон Беларусийн засгийн газрыг шүүмжлүүлэхээр блогеруудыг хөлсөлж, төрийн бус байгууллагуудаар дамжуулан сөрөг хүчний идэвхтнүүдийг сургаж, сөрөг хүчний төлөөлөгчид тэр дундаа А. Лукашенкотой сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч Светлана Тихановскаяг санхүүжүүлж байжээ.
ОХУ-ын хувьд АНУ-ыг 2003 онд Гүржид болсон Сарнайн хувьсгал, 2003-04 онд Украинд болсон Жүржийн хувьсгалыг зохион байгуулсан хэмээн буруутгасаар ирсэн билээ. Өнгөрсөн даваа гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочид уулзсан ба эх сурвалжуудын мэдээлж байгаагаар А. Лукашенко ОХУ-аас 1.5 тэрбум ам. долларын зээл авчээ. Мөн тэрээр уулзалтын үеэр В. Путинээс Оросоос хэд хэдэн төрлийн шинэ зэр зэвсэг нийлүүлэхийг хүссэн аж.
Оросын Сангийн сайд Антон Силуановын мэдэгдсэнээр ОХУ-ын Беларусьт өгөх 1.5 тэрбум ам. долларын зээлийн 1 тэрбумыг энэ оны сүүлээр, үлдсэнийг нь ирэх онд шилжүүлэхээр тохирсон байна. Түүний хэлж байгаагаар уг санхүүгийн тусламж нь Беларусийн засгийн газар болон улсын компаниудад өр зээлээ төлж, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах боломж олгох аж.
Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Беларусьт айлчилж, Ерөнхийлөгч А. Лукашенкотой уулзаж ярилцсан байна. Улс төр нийгэм тогтворгүй байгаа энэ үед А. Лукашенкогийн хувьд Кремлийн дэмжлэг чухал ач холбогдолтой байгаа юм.
Эх сурвалж: Reuters