Сонгуулиас өмнө вакцин гаргаж авахаар Трамп яарч байна
Цар тахлыг зогсоох ганц итгэл найдвар нь одоогоор вакцин болоод байна. Тэгвэл коронавирусын эсрэг вакциныг үйлдвэрлэхээр туршиж буй есөн компани олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан вакцин үйлдвэрлэж, Засгийн газар нь зөвшөөрөл олгохоос өмнө олноор үйлдвэрлэхгүй гэсэн амлалтад гарын үсэг зурлаа.
“Бид ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталж, шинжлэх ухааны үндэслэлтэй вакциныг үйлдвэрлэх болно” гэсэн амлалтын гэрээнд “AstraZeneca”, “BioNTech”, “Moderna”, “Pfizer”, “Novavax”, “Sanofi”, “GlaxoSmithKline”, “Johnson & Johnson”, “Merck” гэсэн есөн компанийн төлөөлөл гарын үсэг зуржээ. Эдгээрээс “Pfizer” болон “Moderna” компани сүүлийн шатны туршилтаа АНУ-д хийж байгаа бол “Johnson & Johnson” компани нэгдүгээр шатны туршилтаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн энэ амлалтыг түүхэн, өмнө нь болж байгаагүй онцгой үйл явдал хэмээн үзэж байгаа талаараа “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Боурла “NBC” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.
Энэ гэрээний өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Арваннэгдүгээр сард болох сонгууль бидний хувьд маш чухал үйл явдал. Тиймээс энэ онцгой өдрөөс өмнө вакцинаа гаргаж авахаар ажиллаж байна. Энэ хугацаандаа багтаан вакцин бэлэн болно гэсэн итгэл дүүрэн байна” хэмээн даваа гаригт мэдээлсэн юм.
Гэвч энэ мэдэгдэл нь тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа АНУ сонгуулиас өмнө вакцинаа гаргахын тулд яаравчлан туршилтыг нь дуусаагүй байхад үйлдвэрлэх вий гэсэн айдсыг бий болгоод байна.
Учир нь АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын комиссар Стивен “Financial Times” сонинд өгсөн ярилцлагандаа “Гуравдугаар шатны туршилт дуусахаас өмнө вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгох талаар хэлэлцэнэ” хэмээн ярьж байв. Гэвч амлалтын гэрээнд “Гуравдугаар шатны туршилтаар аюулгүй, үр дүн сайтай гэдэг нь нотлогдсон тохиолдолд яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгоно” хэмээн тусгасан юм.
Эх сурвалж: Forbes