А.Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэж, түүнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан 5 дахь долоо хоногоо үргэлжилж байна. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж, өргөжихийн хэрээр А. Лукашенкогийн байр суурь ганхах өндөр эрсдэлтэй тулгараад байна.
Үүнтэй холбоотойгоор Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгийг авахаар энэ даваа Сочид Оросын төрийн тэргүүнтэй уулзахаар болжээ. Өнгөрсөн 26 жилийн турш төрийн эрхийг барьсан А. Лукашенкогийн хувьд сонгуулийн дараа үүссэн нийгмийн тогтворгүй байдал урьд өмнө нь тулгарч байгаагүй томоохон асуудал болоод байгаа ба Москвагаас эдийн засаг болон цэрэг зэвсгийн дэмжлэг авах нь чухал ач холбогдолтой болоод байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины хувьд Ерөнхийлөгч А. Лукашенког улс төр, нийгмийн тогтворгүй байдлаас болж албан тушаалаасаа огцроосой гэж хүсэхгүй байгаа ба тэрээр Ерөнхийлөгч А. Лукашенкогийн хүсэлтээр цагдаагийн тусгай баг бүрдүүлсэн гэдгээ мэдэгдсэн билээ. РИА агентлагийн мэдээлж байгаагаар энэ сарын 26-нд Беларусьт эхлэх хоёр улсын цэргийн хамтын сургуулилтад ОХУ өөрийн улсын шүхэрт десантын цэргүүдээ илгээж байгаа аж.
Түүнчлэн Кремль Беларусийн өрийг дахин хэлэлцэж, Беларусийн банкны тогтолцоог дэмжихийг санал болгоод байна. ОХУ олон жилийн турш Беларусьтай эдийн засаг, улс төрийн нягт харилцаа тогтоохыг хүссээр ирсэн ба нэгдсэн нэг валюттай болохыг хүртэл санал болгож байсан ч А. Лукашенко Оросын шахалтын эсрэг баттай зогссоор ирсэн юм. А. Лукашенко улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас ОХУ-ын дэмжлэг авснаар хоёр улсын харилцаанд ОХУ илүү давуу эрхтэй болох боломж бүрдэж байгаа гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна.
Беларусийн сөрөг хүчин А. Лукашенког өнгөрсөн сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн үзэж байгаа ба сонгуулиас хойш зохион байгуулагдсан иргэдийн жагсаал цуглааны үеэр эрх баригчид хэдэн мянган иргэдийг баривчлаад байна. Сонгуулиас хойш эрх баригчид Беларусийн сөрөг хүчний томоохон төлөөллүүдийг баривчиж, заримыг нь улсаас албадан гаргаад байгаа аж.
Өнгөрсөн ням гарагт л гэхэд Беларусийн нийслэл Минскт болсон эсэргүүцлийн жагсаалд 100 мянга гаруй иргэд оролцсон ба хууль сахиулагчид 400 гаруй хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: Reuters