АНУ Хятадын мянга гаруй иргэний визийг хүчингүй болгожээ
АНУ-ын эрх баригчид энэ сарын 14-ний байдлаар БНХАУ-ын мянга гаруй иргэний визийг хүчингүй болголоо. Энэ тухай төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд Америкийн засаг захиргаанаас Ардын чөлөөлөх армитай холбоотой оюутнууд, эрдэмтдийг улсын хилээрээ нэвтрүүлэхгүй байх хүрээнд ийм арга хэмжээ авсныг мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Америкийн дотоодын аюулгүй байдлын сайд Чед Вулф оюуны өмч, чухал судалгаануудыг нь хулгайлахаас сэргийлж Хятадын зарим аспирантууд, эрдэмтдийн визийг хүчингүй болгож байгааг онцлон мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сарын 29-нд Хятадын зарим аспирантууд, эрдэмтдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай тунхаг бичигт гарын үсгээ зурсан билээ. Энэ нь БНХАУ-д Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаныг эсэргүүцэн авсан хариу арга хэмжээнд тооцогдож байсан юм.
Харин БНХАУ-ын Боловсролын яамнаас АНУ-ын зүгээс ийм хориг хязгаарлалт авч байгааг эрс эсэргүүцэж буйгаа нэг бус удаа илэрхийлж байсан. Гэхдээ Хятад Америкийн оюутан солилцоог цаашид дэмжиж, дэлхийн улс орнууд тэр дундаа Америкийн оюутнуудын Хятадад суралцах хүсэлтийг нь нааштайгаар хүлээн авахаа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: Reuters