Орчин үеийн хамгийн хөнөөлт зэвсэг "Далавчит" пуужингийн түүх
880 км/ц-ын хурдаар нам өндөрт нисч, 2500 км зайг туулна. Онилсон цэгийн 10 м-ийн радиус дотор тусч, байг устгах далавчит пуужинг жинхэнэ төгс зэвсэг гэхэд хилсдэхгүй. 1991 онд "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр анх ашигласан Томахавк пуужингийн оновчтой тусгал дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ.
Гэхдээ далавчит пуужин анхнаасаа төгс байгаагүй нь мэдээж. Пуужингийн технологийг олон арван жилийн турш хөгжүүлж ирсэн эрдэмтэн, судлаачдад хэд хэдэн томоохон саад бэрхшээлийг даван гарах шаардлага тулгарчээ. Эхний бэрхшээл нь суудлын тэрэгтэй адил 1.5 тонн жинтэй пуужинг усан дорхи шумбагч онгоцноос харвах явдал байв. Томахавк пуужинг суурилуулсан шумбагч онгоц өнөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэглэлд тооцогдох болжээ. Бодит байдалд дэлхийн хүн амын 90 хувь оршин суугаа газар нутгийг шумбагч онгоц, Томахавк пуужингууд бүрэн хянаж байна.
Тэгвэл 1950-аад оны үед пуужинг зөвхөн уснаас ил гарсан шумбагч онгоцны тавцангаас л харваж байв. Пуужинд түлш хийж, харвах тавцанд суурилуулах хугацаанд шумбагч онгоц далайн усан дээр ил байрлах шаардлагатай. Энэ нь түүний голлох давуу талыг алдагдуулахад хүргэнэ. Иймд Америкийн Далайн Цэргийн Хүчин усан дотроос харвах технологи боловсруулахаар төлөвлөсөн боловч энэ нь бараг хэрэгжих боломжгүй байв. Харвах хоолойд байрлах пуужингийн хөдөлгүүрт гал ноцоох үед дэлбэрэлт болж, шумбагч онгоцыг өөрийг нь сөнөөөх аюултай байжээ. Орчин үед пуужинг хөөргөхөд шингэн түлш голлон ашиглаж байна. Үүнд устөрөгчийн хэт исэл, гидразин хэмээх хоёр шингэнийг холих үед тэсрэх мэт огцом шатах үзэгдлийг ашигладаг. Эдгээр бодисууд нь дангаар байх үедээ ч аюултай юм. Устөрөгчийн хэт исэл өтгөрвөл дэлбэрэх, цаас, хөвөн зэрэг хялбар шатах материал дээр асгарах тохиолдолд шатах аюултай. Тэгвэл гидразин нь хортой учир амьсгалаар дамжин хүний биед орж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Америкчууд анх далавчит пуужинд шингэн түлш ашиглахаар төлөвлөх үед ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэгвэл дарь мэтийн химийн бодисоос бүрдэх хатуу түлш илүү аюулгүй боловч тухайн үед хангалттай хэмжээний түлхэлтийн хүчийг үүсгэх боломжгүй байв. Иймд хатуу түлшинд хольж, түүний шаталтаас илүү өндөр температур гаргаж авахад шаардагдах бодисыг эрж хайжээ.
Чарльз Хэндэрсон, Кийт Рамбэл нар химийн үелэх системийн элементүүд дундаас эрэл хайгуул хийсний эцэст нунтаг хөнгөн цагаан шатахад амархан, температурыг огцом нэмэгдүүлж байгааг илрүүлжээ. Гэхдээ хэмжээг хэт ихэсгэвэл пуужингийн чадал буурахад хүргэнэ. Хэндэрсон нар хөнгөн цагааны агууламж 20% байх нь хамгийн оновчтой болохыг тогтоов. Туршилтаар хөнгөн цагаан агуулсан түлш бараг 2 дахин их хүчийг үүсгэж байжээ. 1950-аад оны үед Хэндэрсон нарын хийсэн нээлт пуужигнийн технологийг хурдацтай хөгжихөд түлхэц өгсөн юм.
Өнөөдөр хөнгөн цагаан Шатллаас авахуулаад Томахавк хүртэл төрөл бүрийн пуужинд ашиглагдаж байна. Гэхдээ харьцангуй богино хугацаанд шатаж дуусдаг. Томоохон пуужингуудад түлш бүрэн шатахад хэдхэн минутад л шаардагдана. Шаталтын технологийн ийм нөхцөлд Томахавк хэрхэн 2500 км зай туулдаг вэ. Учир нь усны гадаргаас тасарсны дараа нислэгийн хэлбэрээ гайхалтайгаар өөрчилдөг явдал юм. Энэ үед пуужингийн агаар сорох хаалт нээгдэж, хоёр далавч автомат хутга мэт гарч ирнэ. Дараа нь хурдасгах (пуужинт) хөдөлгүүрийн хэсэг салах үед 880 км/ц хурд авч, нам өндрийн нислэг эхлэнэ. Ийнхүү хэдхэн секундын дотор пуужингаас нисэх онгоцонд хувирна. Далавчит пуужингийн гарал үүсэл ч нисэх онгоцноос эхлэлтэй ажээ.
Дэлхийн 1-р дайны үед их буу хамгийн хүчирхэг зэвсэг байсан боловч сумны тусгал дөнгөж 30 км байв. Нисэх онгоц дайсны нутгийн гүнд нэвтэрч чадах ч бөмбөгийг гараар шидэх учир хангалттай ойртохгүй бол довтлох боломжгүй байв. Иймд 1917 онд Охаё мужын Детройтод цугласан эрдэмтэдийн баг бөмбөг суурилуулсан нисгэгчгүй онгоц бүтээхээр зорьжээ. Шинэ автомат бөмбөгдөгчийн их биеийг нисэх онгоц анхлан бүтээсэн ах, дүү хоёрын нэг Орвил Райт хариуцсанаар хуучин нисэх онгоцны эд ангиар 5-хан минутад угсрах боломжтой, 80 кг тэсрэх бодис зөөх чадал бүхий "Кэтэрин Бааг" төрөн гарчээ.
Мөн анхны автомат залуурын төхөөрөмж ашиглагдсан байна. Гэхдээ туршилтын ихэнх нислэг бүтэлгүйтэж байв. Төхөөрөмжийн зүрх болсон гироскоп нь нислэгийн үед их бие ямар ч чиглэлд хазайхад эргэлдэгч хавтангууд үндсэн чиглэлээ хадгалах төхөөрөмж юм. Гироскопийн хөдөлгөөнөөр далавчийг удирдаж, эгц шулуун чиглэлийн нислэг хийх боломжтой болжээ.
Гэхдээ их биеийг агаарт зөвхөн хэвтээ чиглэлд тэнцвэртэй байлгаж, шулуун нислэг үргэлжлүүлэн хийх боловч бүрэн автомат нислэг биш байв. Өөр нэгэн сул тал нь нислэгийн хугацаа уртсах тусам чиглэлийн зөрүү хэт ихэсдэг явдал байв. Анхны нислэгүүдийн нэгт туршилтын загвар төлөвлөсөн шулуун чиглэлд 2.5 км ниссэн боловч гэнэт салхины нөлөөнд автаж хот руу чиглэсэн байна. Цэргийн нууц төхөөрөмжийг хүмүүст мэдэгдэхээс болгоомжилсон зохион бүтээгчид байдаг чадлаараа нэхэж, тариалангийн талбайд унах үед нь амжиж гүйцжээ. Тухайн үед ойролцоо ирсэн аж ахуй эрхлэгч унасан онгоцны нисгэгчийн тухай асуухад шүхрээр бууж амжсан хэмээн худал хариулсан хөгжилтэй тохиолдлууд ч гарч байжээ. Анхны нисэх онгоцноос хойш 15 жилийн дараа, 1918 онд бүтээгдсэн Кэтэрин Бааг хэдийгээр дайн байлдаанд нэг ч удаа ашиглагдаагүй боловч дэлхийн анхны далавчит пуужинд тооцогдсон юм.
Томахавк пуужингаас нисэх онгоцонд хувирах замаар туулах зайг ихээхэн нэмэгдүүлнэ. Пуужинт хөдөлгүүр салсны дараа тийрэлтэт хөдөлгүүр ажиллагаанд залгагдаж, түлш дуусах хүртэл 2500 км зайг туулж амжина. 1950-аад оны үед үр ашиг муутай тийрэлтэт хөдөлгүүр, түлшны том хэмжээний савыг шаардаж, пуужингийн овор хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн тул шумбагч онгоцонд ашиглах боломжгүй байв. Иймд хөдөлгүүрийн овор хэмжээг багасгахыг зорьсон эрдэмтэд 1964 онд тодорхой шийдэлд хүрчээ. Тухайн үед цэргүүдийг тээвэрлэх нэг бүрийн нисэх төхөөрөмжийн судалгаа хийж байсан Америкийн Арми "Тийрэлтэт бүс"-ийг зохион бүтээжээ. Ердийн пуужингийн хөдөлгүүр 6000 орчим эд ангиас бүрдэх тул, хэт нарийн нийлмэл бүтэц нь нийт овор хэмжээг багасгахад саад болж байв. Гэхдээ олон жижиг ангиудыг нэгтгэн нэг болгох замаар үйлдвэрлэж, эцсийн шатанд эд ангийн тоог 600-д хүргэн бууруулсан байна.
Хөдөлгүүрийн овор хэмжээ ч багасч, 30 кг болсон тул хүний нуруунд үүрэх боломжтой болжээ. Тухайн үед туршилтын нисгэгч Боб 18м өндөртэй модыг давах зэрэг гайхалтай чадварлаг нислэгийн үзүүлбэр хийж байв. Сүүлд "тийрэлтэт бүс"-ийн хэд хэдэн загвар бүтээгдэж, технологи илүү хөгжсөн боловч армийн анхаарал бага багаар сулсарсаар эцэстээ судалгаа бүрэн зогссон байна. Тэнгэрт нисэх цэргүүд дайсанд туйлын тааламжтай бай болно гэдгийг анзаарсан ч байж магадгүй. "Тийрэлтэт бүс" хэдийгээр бүтээгдэхүүн болж чадаагүй ч пуужингийн технологийн хөгжилд томоохон дэвшил болсон юм. Жижиг хэмжээний тийрэлтэт хөдөлгүүр пуужингийн овор хэмжээг багасгаж, усан онгоцноос хэдэн зуун км зайд харвах боломж бүрдүүлэв. Гэхдээ далавчит пуужин бүтээгчид шинэ саадтай учирах болно.
Пуужинг төөрөлгүйгээр хэдэн зуун км нисгэх залуурын төхөөрөмж зохион бүтээгчдийн хувьд толгойн өвчин болжээ. Хүйтэн дайны үед америкийн пуужин 8000 км зайг туулж, Зөвлөлтөд хүрэх ёстой байв. Иймд чиглэлээ бага зэрэг алдахад л байнд онож тусахад бэрх байна. 1966 онд шинэ төрлийн залуурын төхөөрөмж бүхий Снак пуужинг бүтээжээ. Залуурын аргачлал нь цоо шинэ санаа байв. Пуужинд байрлуулсан телескопын тусламжтайгаар туулах замын дээр байрлах ямар нэгэн одоор баримжаалан траектор буюу чиглэлээ засварлаж байв.
Гэхдээ туршилтын хүрээнд амжилттай хэрэгжсэн гайхалтай санаа бодит байдалд ашиглах боломжгүй байв. 1000 км/ц хурдлах пуужин одоор баримжаа авч чадалгүйгээр ихэнх туршилтын нислэг бүтэлгүйтэж, пуужингууд далайд унаж байжээ. Пуужинг зөв залах гэсэн бүтэлгүй оролдлогууд "Снакаар дүүрсэн далай" хэмээх хошин хэллэг бий болоход хүргэснээр төгссөн байна.
Удалгүй залуурын найдвартай төхөөрөмж бий болов. Мөн дуунаас 3 дахин хурдалж, Зөвлөлтөд хүрч чадах анхны үй олноор хөнөөх зэвсэг Слам баллистик пуужин бүтээгдэв. Слам тус бүр 1 мегатонн хүч бүхий 16 цэнэгт хошууг агуулж, бүгдийг онилсон байд дараалан унагаж чадна. Зохион бүтээгчид дов толгод, уул нурууд зэрэг газрын гадаргын онцлогийг агуулсан дижитал газрын зураг бүтээж, Сламын компьютерт оруулжээ. "Хурууны хээ" хэмээн нэрлэгдсэн энэ технологи дижитал газрын зургийг радараар хэмжсэн газрын гадаргын байрлалтай харьцуулах замаар пуужинг төөрөлгүй нисч, 16 байд дараалан оновчтой довтлох боломжоор хангасан байна. Тухайн үеийн америк 50 ширхэг слам пуужин бүтээжээ. Мэргэжилтнүүдийн нотлож байгаагаар 1 мегатоннын 800 цэнэгт хошуу байхад л Зөвлөлтийг газрын хөрснөөс бүрэн арчих боломжтой байв. Гэхдээ Батлан Хамгаалах Яам пуужинг ашиглах шаардлагагүй гэж үзэж, 1964 онд төслийг зогсоожээ.
Харин 1970-аад оноос хөгжүүлэлт хийж эхэлсэн Томахавк пуужинд "хурууны хээ" ашиглагдаж, өнөөдрийг хүрээд байна. Радарын залуур нь пуужинд шинэ хүч чадал буюу "үл үзэгдэх" боломжийг өгчээ. 800 км/ц-аас илүү хурдлах Томахавк газраас хэдхэн метрийн өндөрт нисэх учир дайсны радараас бүрэн нуугдах боломжтой болсон байна. Гэхдээ энэ гайхалтай нислэг автоматаар хийгддэгийг мартаж болохгүй. Мөн далавчит пуужинтай дүйцэх чадварлаг нисгэгч нэг ч үгүй гэгдэж байна. Гэхдээ пуужингийн эхний шатны залуурын төхөөрөмж сул талыг агуулж байв. Энэ нь зөвхөн газрын гадаргын элдэв хэлбэрийг таних учир тэгш тал газарт ашиглах боломжгүй байдал юм. Иймд "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр далайгаас харвасан Томахавк пуужинг Ираны уул нурууг дагуулан шулуун замаас хоёр дахин урт зайд нисгэн байж Багдад хотод довтолж байв. Томахавк төлөвлөсөн байг найдвартай устгах боловч довтлох мөчийг хэрхэн тааруулдаг бол.
Иракийн дайны үед Томахавк пуужинтай зэрэгцэн сөнөөгч онгоцнууд нам өндрөөс довтолж байсан боловч илүү аюултай даалгаврыг анх удаа автомат нисэх төхөөрөмжүүд гүйцэтгэж эхэлжээ. Өнөөдөр бүтээгдэж байгаа нисэх онгоцны загваруудыг хүн жолоодох хамгийн сүүлчийн онгоцод тооцож байна.
Учир нь ирээдүйн далавчит пуужин гэгдэх олон дахин ашиглах боломжтой автомат нисэх төхөөрөмжүүд хянах, ажиглахаас авхуулаад төрөл бүрийн үүрэг гүйцэтгэх чадвартай болжээ. Их бие нь сум үл нэвтрэх чадвартай болж, онцгой материлаар бүтээгдсэн тул радарт харагдах боломжгүй болов. Ийм төхөөрөмжүүд дээвэр дээр байрласан мэргэн буудагч, нуугдсан террористийг ч илрүүлэн устгах боломжтой. Өөр нэгэн гайхалтай боломж нь алсаас удирдах явдал юм. Тухайлбал Иракийн цөлд байх автомат нисэх төхөөрөмжийг Лос-Анжелесийн тохилог өрөөнөөс удирдаж болно. Далавчит пуужинг нэгэнт хөөргөсөн л бол замд нь зогсоох, довтолгооныг болиулах аргагүй. Тэгвэл сөнөгч онгоцны нисгэгчтэй адил автомат нисэх төхөөрөмжүүдийн довтолгооныг бодит байдалд тохируулан эцсийн мөчид ч зогсоох боломжтой юм. Энэ бүхэн технологи хэдий хөгжсөн ч хүний оролцоо үргэлж байна гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
Эх Сурвалж: Machines of War-Missiles