Беларусийн бослогын улмаас нэг хүн амиа алдлаа
Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Беларусь улсад наймдугаар сарын 9-нөөс хойш буюу бүтэн нэг сарын хугацаанд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Тус улсын хууль сахиулагчид амралтын өдөр болсон жагсаал цуглааны үеэр нийслэл Минск хотноо 100 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Гродно, Могилев, Гомель зэрэг бусад хот, суурингуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Хэдэн арван мянган хүн зургаа дахь удаагаа улиран сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенког сонгуулийг луйвардсан хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаардан жагсч байгаа билээ.
Тэгвэл энэ бослогын улмаас Минск хотод нэг жагсагч амиа алдсан хэмээн Беларусийн Дотоод явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Ольга Чемоданова мэдээлжээ.
Тэрээр “Мөргөлдөөны үеэр нэг тэмцэгч хамгаалалтын ажилтан руу үл мэдэгдэх тэсрэх бодис шидэхийг оролдсон. Гэтэл тухайн бодис нь өөрийнх нь гарт дэлбэрч амиа алдсан. Үүнээс гадна хэмээн 3000 гаруй хүн баривчлагдаж, олон арван цагдаа, жагсагчид гэмтсэн” гэж ярьжээ.
Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн энэ бослогыг дарахын тулд цагдаа нар резинэн сум, усны их буу, дүлийрүүлдэг гар бөмбөг ашиглажээ. Төв телевизээр Лукашенког 80 хувийн санал авч, ялалт байгууллаа хэмээн зарласны дараагаар бослого эхэлсэн юм. Сөрөг хүчний нэр дэвшигч өрсөлдөгч Светлана Тихановскаяа ердөө 10.09 хувийн санал авсандаа итгэхгүй байна.
Мөн сөрөг хүчний хэд хэдэн зүтгэлтэн эх орноосоо дүрвэн гарсан бөгөөд хамгийн сүүлд Бямба гаригт идэвхтэн Ольга Ковалкова хөрш Польш улс руу дүрвэж, тус улсаас орогнол хүсээд байна. Түүний хэлснээр тэр Польш руу амжиж дүрвээгүй бол удаан хугацаагаар хоригдох байсан гэв. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкийн ажлын алба Беларусьт хэлмэгдэгсдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
ЖАГСААЛ ЦУГЛААНЫ АРД ХЭН БАЙНА ВЭ?
1994 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Лукашенкогийн хувьд уг жагсаал цуглааны ард барууны орнууд байгаа гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, ажиглагчид тайван жагсаалыг эрх баригчид харгислалаар, хүч хэрэглэн дарахыг оролдож байна гэж мэдэгдэж байгаа юм.
Беларусь нь ОХУ-тай хиллэдэг, тус улсаас эрчим хүчний бөгөөд түүхийн нягт холбоотой улс. Түүнчлэн Украин болон Европын холбоо /ЕХ/-ны улс орнуудтай ч салшгүй холбоотой улсуудын нэг. Зарим ажиглагчид энэ бүхний ард ОХУ эсвэл Европын холбооны орнууд байгаа ч гэж харж байгаа.
Жагсагчдын нэг Людмила гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй “Бид одоо олон жилийн турш амьдарсан тэр амьдралааараа дахин амьдрахыг хүсэхгүй байна. Бид удаан хугацааны турш хайхрамжгүй байжээ. Харин одоо бид эв нэгдлийг, өөрсдийгөө ямар сул дорой байсныг мэдэрч байна. Өөрчлөлт хийх цаг нь иржээ” хэмээн ярьжээ.
Литвад орогнол хүссэн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Беларусийн эрх баригчдын хавчлагыг зогсоож өгөхийг НҮБ-аас хүсч, хүсэлт явуулсан байна. Өдгөө 37 настай, багш мэргэжилтэй Тихановская нь Ерөнхийлөгч Лукашенкогийн гол өрсөлдөгч бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр хэд хэдэн удаа хоригдсон юм. Харин сонгуулийн дараа нөхцөл байдал дордсон учир тэр хөрш Литва улс руу дүрвээд байгаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Европарламентад цахимаар оролцохдоо “Беларусь дахь эсэргүүцлийн жагсаалууд геополитиктэй ямар ч холбоогүй. Ялангуяа Орос болон ЕХ-ны улсуудаас хараат бус ардчилсан хувьсгал явагдаж байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж:The Moscow Times