Хоёр гүрний худалдааны гэрээ ахицтай байна
АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар энэ сарын 24-нд БНХАУ-ын дэд сайд Лю Хэтэй утсаар хоёр орны хоорондын худалдааны гэрээний эхний үе шатын талаар ярилцсан байна. Үүний дараа тэд гэрээний амжилт ахицыг баталгаажуулахын тулд шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэхээр амласан болон ахиц гарч байна гэж мэдэгджээ.
АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд “Талууд гэрээгээр шаардсан бүтцийн өөрчлөлтийг хийхийн тулд алхам хийх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, санхүү, хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын компаниудад тавьсан хоригийг цуцлах, технологийг албадан шилжүүлэхийг болиулах” талаар тохиролцсон гэж бичсэн байна. Мөн БНХАУ-ын зүгээс АНУ-ын бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, гэрээг бэхжүүлэхийн тулд ирээдүйд шаардлагатай ажиллагааны талаар хэлэлцсэн болохыг дурджээ.
Харин БНХАУ-ын Худалдааны яамнаас Бээжин, Вашингтон нь хоёр орны макро эдийн засгийн бодлогын зохицуулалт, гэрээний эхний үе шатыг бэхжүүлэх тухай үр дүнтэй хэлэлцээр хийсэн болохыг онцолсон байна. Талууд хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн гэрээний эхний үе шатны хэрэгжүүлэлтийг сурталчлахын тулд нөхцөл байдал, орчинг бий болгохоор тохиролцсон болох талаар тодруулан мэдээлжээ.
Эх сурвалж: Bloomberg