1987 оны ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээний маргааны учир...
ДУНД болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээ (Вашингтоны гэрээ)-нд 1987 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачёв, АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейган нар Вашингтон хотноо гарын үсэг зурж, ЗСБНХУ-ын Дээд зөвлөл, АНУ-ын Сенат тус тус батламжилсны үндсэн дээр 1988 оны 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн.
Гэрээ ёсоор хоёр тал дунд (1000-5500 км) болон ойрын (500-1000 км) зайн тусгалтай, газрын байрлалтай бүх баллистик болон далавчит пуужинг устгаж, цаашид ийм пуужинг үйлдвэрлэх, турших, зэвсэглэлд нийлүүлэхийг хориглохоор тохиролцсон нь зэвсэглэлийн нэг төрлийг бүхлээр нь устгах боломжийг бүрдүүлсэн юм. Гэрээний дагуу талууд 500-5500 км-ийн ажиллагааны радиус бүхий бүх пуужин, тэдгээрийг харвах төхөөрөмжийг гурван жилийн дотор устгаж дуусах, энэ үеэр талууд ажиглагч солилцон устгалын явцыг харилцан хянах үүрэг хүлээсэн байна.
Уг гэрээ нь баллистик пуужингийн ангилалыг ч шинэчилсэн байдаг. Гэрээ байгуулахаас өмнө АНУ-д баллистик пуужинг тив алгасагч (5000 км-ээс дээш тусгалтай), дунд тусгалтай (500-5000 км), ойрын тусгалтай (150-500 км) гэж ангилдаг байв. ЗХУ-д оператив-тактикийн зориулалттай пуужингийн ажиллагааны радиусыг 1-500 км гэж тооцдог байсан бол АНУ-д тактикийн пуужингийн тусгалыг 1-150 км-ээр хязгаарладаг байлаа. 1987 онд Вашингтоны гэрээг байгуулснаар эдгээр пуужингийн шинэ ангиллыг адилтгасан байдлаар эцэслэн тогтоожээ.
Гэрээ байгуулах явцад хоёр тал дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн нэгдсэн ангиллыг боловсруулахыг харилцан зөвшөөрч, устгалд оруулах зэвсэглэлийг эцэслэн тогтоогоод зогсохгүй, гэрээний үйлчлэлд хамаарахгүй зарим нэр төрлийн зэвсэглэлийг ч хамруулах талаар тохиролцсон нь тухайн үед хоёр их гүрэн харилцан буулт хийсэн, итгэлцлийг улам бэхжүүлсэн алхам болсон. Тухайлбал, ЗХУ өөрийн зүгээс уг ангилалд багтахгүй ч “ОТР-23 Ока” (НАТО-ийн нэршлээр “SS-23”)-г устгахаар болсон бол АНУ газрын байрлалтай “Tomahawk” далавчит пуужинг мөн ангилалд багтаан устгах, нейтроны цэнэг бүхий “Lance-2” пуужинг Төв Европт байршуулахаасаа татгалзахаар болжээ.
1991 оны 6 дугаар сар гэхэд хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусчээ. Зөвлөлтийн тал 1846 нэгж пуужингийн цогцолбороо устгасан ба үүний бараг тэн хагас нь байлдааны жижүүрлэлтэд гаргаагүй, зөвхөн үйлдвэрлэсэн байсан пуужингууд байв. Америкийн тал 846 нэгж пуужингийн цогцолборыг устгажээ.
ГЭРЭЭГ ЭРГЭЖ ХАРАХ САНААРХЛУУД
ЗЭВСЭГЛЭЛД хяналт тавих олон улсын дэглэмийн тулгуур багануудын нэг гэж зүй ёсоор үзэж болох Вашингтоны гэрээний ирээдүй бүрхэг болж байгаа нь ОХУ, АНУ аль аль нь нөгөө талаа гэрээг зөрчиж байна гэж буруутгах болсонтой холбоотой.
Ийм санааг анх 2000 оны 6 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин цухалзуулсан байдаг. АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Ж.У.Буш Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээнээс АНУ дангаараа гарах болсон талаар мэдэгдсэний хариу болгож ОХУ ч төстэй алхам хийж болох тухай тэрээр дурдсан.
ОХУ-ын БХЯ-ны сайд асан С.Б.Иванов ч Вашингтоны гэрээг “Хүйтэн дайны үлдэц” гэж тодорхойлж байлаа. Түүний хэлсэн “Манай улсын хилээс холгүй орших Энэтхэг, Пакистан, БНАСАУ, БНХАУ, Иран, Израиль улсууд ийм төрлийн пуужин боловсруулж, үйлдвэрлэж болоод байхад Орос, Америк гэсэн хоёрхон улс л ийм зэвсэгтэй байх эрхгүй. Ийм байдал мөнхөд үргэлжилж болохгүй” гэх үг АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Болтоны өнгөрсөн сард Москвад айлчлахдаа Оросын дээд албан тушаалтнуудад танилцуулсан байр суурьтай яв цав давхцаж байгаа нь ч анхаарал татна.
2007 онд хэвлэгдсэн “ОХУ-ын гадаад бодлогын тойм”-д “Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай ЗСБНХУ, АНУ-ын хооронд байгуулсан гэрээний эргэн тойронд үүсэн буй нөхцөл байдал санаа зовоож байна. Энэ хоёр ангиллын пуужинг уг гэрээний дагуу 1991 онд устгаж дууссан хэдий ч өнөөг хүртэл олон улсын эрх зүйн энэхүү актын үйлчлэлийг бүх нийтийнх болгож чадаагүй байна. Түүгээр зогсохгүй улам бүр олон улс, түүний дотор манай хил хязгаараас холгүй орших улсууд ч ийм төрлийн пуужинг боловсруулж, зэвсэглэлд аваад байна. Ийм нөхцөлд бид өөрийн аюулгүй байдлыг хангах талаар тунгаан бодох шаардлага урган гарч байна” гэж дурджээ.
2013 оны 6 дугаар сард В.В.Путин ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр “… тухайн үед ЗХУ дунд тусгалтай пуужингаасаа татгалзсан явдал нь хамгийн багаар бодоход эргэлзээтэй шийдвэр байсан” гээд Вашингтоны гэрээнээс гарах боломжийн талаар цухас дурдсан байна.
“… тухайн үед ЗХУ дунд тусгалтай пуужингаасаа татгалзсан явдал нь хамгийн багаар бодоход эргэлзээтэй шийдвэр байсан” В.В.Путин
Америкийн талаас ч уг гэрээний үйлчлэлийн талаар байр сууриа анхлан илэрхийлсэн нь Д.Трамп байсангүй. 2014 оны 7 дугаар сард ерөнхийлөгч Б.Обама В.В.Путинд илгээсэн захидалдаа ОХУ гэрээний заалтуудыг зөрчин дунд тусгалтай далавчит пуужин туршиж байгааг буруушаасан байна. 2016 оны 11 дүгээр сард Женев хотноо 2003 оноос хойш анх удаа уг гэрээний хэрэгжилтийг дүгнэх хяналтын хамтарсан комиссийн хуралдааныг америкийн талын санаачлагаар хуралдуулсан ч хоёр талын маргааныг эцэслэн шийдвэрлэж чадаагүй юм.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоноос хойш гэрээнээс гарах талаарх америкийн идэвхжил эрс нэмэгдсээр 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт албаны байнгын хороо (House Armed Services Committee)-гоор АНУ Вашингтоны гэрээнээс гарах үндэслэл, боломжийн талаар анхны хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 он гарсаар, ялангуяа 9 дүгээр сараас хойш Д.Трамп ийм шийдвэр гаргахад ойр байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлгийн “Валдай” клубийн чуулга уулзалт дээр В.В.Путин “АНУ дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарсан тохиолдолд ОХУ нэн даруй, адил хэмжээний хариу өгөх болно” хэмээн мэдэгдэв. Маргааш нь буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Трамп энэ асуудлаар шийдвэр гаргах эрмэлзэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэхдээ “Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа”, “Хятад ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэж байгаа” гэсэн хоёр үндэслэлийг дурдав.
“Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа”, “Хятад ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэж байгаа” Д.Трамп
АНУ-ын гол холбоотон Их Британийн БХЯ-ны сайд Гэвин Уильямсон 10 дугаар сарын 21-нд Д.Трампын байр суурийг дэмжиж, “Орос өөрөө гэрээгээ эхэлж зөрчсөн, өөрөө үр дагавраа хүлээх ёстой”, “… онолын хувьд Вашингтоны гэрээний үйлчлэлийг цуцлахгүй байхыг Их Британи дэмжинэ, гэхдээ гэрээгээ биелүүлэх эрмэлзэл Орост байхгүй тохиолдолд АНУ-ын алхмыг ойлгож байна” гэсэн мэдэгдлийг хийснээр уг асуудал зөвхөн ОХУ, АНУ-ын хоорондын үл ойлголцлын хавтгайгаас хальж, Европ дахь АНУ-ын холбоотнуудыг төдийгүй ОХУ-ын стратегийн түнш Хятад зэрэг орнуудыг ч “хавчуулж” эхлээд байна.
ГЭРЭЭГ ЗОГСООСНЫ ҮР ДАГАВАР
ХЭДИЙГЭЭР Вашингтоны гэрээг эргэж харах тухай санааг хоёр талын аль аль нь сүүлийн хорь шахам жилд цухуйлгаж ирсэн боловч эрх зүйн үйлчлэлийг нь зогсоох, гэрээнээс дангаар гарах асуудлыг АНУ анх сөхөж тавьж байна. Энэ нь АНУ-ын хувьд анхны тохиолдол биш, өмнө нь ийм туршлага байсныг мөн дурдах ёстой. 1972 онд байгуулсан пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээнээс 2002 онд Ж.У.Бушийн засаг захиргаа дангаараа гарсан. Энэ хоёр гэрээ бол “Хүйтэн дайн”-ы үед байгуулагдсан, намжмал байдлын гол тулгуур байсан төдийгүй “Хүйтэн дайн”-ы дараах үед ч стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй байсаар ирсэн юм.
Гэрээний үйлчлэл зогссоноор талууд газрын байрлалтай далавчит пуужингийн цогцолбор боловсруулж эхлэхэд технологийн болон хүний нөөцийн ямар нэгэн хүндрэл байхгүй, гагцхүү санхүүгийн хязгаарлалттай тулгарч болзошгүй. Ялангуяа ОХУ-ын хувьд ийм бэрхшээл АНУ-ынхаас илүү магадлалтай юм. Одоогоор гэрээг цуцлах тухай эцсийн шийд хараахан гараагүй байгаа ч Д.Трамп гаргасан шийдвэрээсээ буцахгүй нь лавтай. Москва Цагаан ордны энэ бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаа боловч нэг тал гарснаар гэрээ шууд хүчингүй болох тул нөлөөлөх хөшүүрэг бараг үгүй, тэгээд ч өөрийн ашиг сонирхлын үүднээс пуужингийн хөтөлбөрөө шинэ шатанд гаргахад гэрээ-эрх зүйн ямар нэгэн хориг, хязгаарлалт үгүй болно гэдэг утгаар нь хүлээн авах ч магадлал бий. ОХУ “Искандер-К” цогцолбороо улам боловсронгуй болгох, АНУ газрын байрлалтай “Tomahawk” пуужингийн үйлдвэрлэлээ сэргээхийг эрмэлзэх бололтой. Түүнчлэн АНУ “Оросын төстэй зэвсгийг сөргүүлэхүйц” шинэ загварын далавчит пуужин боловсруулахад зориулж 57 сая ам.долларыг төсөвтөө тусгаад байгаа аж.
1987 оны Вашингтоны гэрээ хэрхэхээс 2010 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний цаашдын хувь заяа шалтгаалах төлөвтэй.
Үүнээс ноцтой нь, 1987 оны Вашингтоны гэрээ хэрхэхээс 2010 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ (START-III, СНВ-3)-ний цаашдын хувь заяа шалтгаалах болоод байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама нарын гарын үсэг зурсан уг гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээний хэрэгжилтээр “барьцаалан” царцаах шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргаад байна. Нэгэнт Вашингтоны гэрээг хэрэгжүүлэхгүй зөрчиж буй этгээд нь оросын тал гэж үзэж буй тул америкийн хууль тогтоогчид START-III-ыг ч нэгэн адил гацаах нь бараг тодорхой боллоо. Мөн ийм агуулгатай зөвлөмжийг Ж.Болтон ерөнхийлөгчдөө өгсөн ба 2021 онд START-III гэрээний хугацаа дуусмагц дахин сунгахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Зэвсэглэлд хяналт тавих олон улсын тогтолцоо бүхлээрээ ганхаж, үеэ өнгөрөөж эхэлсэн талаар оросын улс төрчид ил цагаан ярьж эхэлсэн нь үүнтэй холбоотой.
Ойрын жилүүдэд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе эхлэх магадлалтай хэдий ч нэгж зэвсгийн өртөг, дэлхийн эдийн засгийн төлөв байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан “Хүйтэн дайн”-ы үеийнх шиг далайцтай хараахан бус байна гэх дүгнэлт үнэнд илүү дөхөж очно.
Эх сурвалж: Politico