Яагаад Сирийн иргэний дайнд гадаадын хүчнүүд оролцох болсон бэ?
2018 оны 4 дүгээр сарын 14-ний үүрээр, орон нутгийн цагаар 03 цаг 42 минутаас 06 цаг 35 минутын хооронд АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин Сирийн химийн зэвсгийн туршилт, боловсруулалт, үйлдвэрлэлийн объектуудад цохилт өгөв. Ажиллагааг тэнгисийн болон агаарын байрлалаас далавчит пуужин харваж, байг оновчтой онилох замаар гүйцэтгэлээ. АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь командлалын мэдээллээр, Сирийн нутаг дэвсгэр дээрх гурван объект, тухайлбал Дамаск дахь химийн зэвсгийн боловсруулалт, туршилтын лаборатори, Хомс хот дахь зэвсгийн агуулах, командын байр, Хомсоос баруун тийш 15 км-т орших пуужингийн бааз байрлаж байсан объект буюу бункер, үүн дээр цэргийн зориулалттай 6 нисэх зурвасыг онилон нийт 105 нэгж далавчит пуужингаар цохилт өгсөн гэжээ.
Харин САБНУ-ын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн (АДХЦ) командлалын албан ёсны мэдээллээр тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн 103 пуужин бүртгэгдсэн гэж буй. Энэ мэт мэдээллийн зөрүү их байгаа ба талуудын албан ёсны мэдэгдлээс бодит байдлыг тогтооход нэн бэрх. Тухайлбал, цохилт өгсөн пуужингууд бүгд байгаа оносон гэж Пентагон мэдэгдсэн бол ОХУ-ын БХЯ-ны мэдээллээр Сирийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүч 71 пуужинг амдан устгасан гэх. Хамгийн сүүлийн мэдээгээр тэсрээгүй хоёр пуужинг Сири оросын талд шилжүүлсэн байна.
Цохилт өгсөн объектуудын дэд бүтэц гэмтсэн ч хүн хүчний хохиролгүй, Сирийн гурван иргэн шархадсан гэж Сири, Оросын тал мэдэгдлээ. Үүнээс яг бодит хохирлын хэмжээг гаргах боломжгүй, химийн зэвсгийн нөөц байсан эсэх, байсан бол урьдчилан шилжүүлэн байрлуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс АНУ болон түүний холбоотнууд цэргийн болон улс төрийн зорилгодоо хүрч чадсан эсэхийг ч хэмжих бололцоогүй юм.
Цохилтыг Вашингтоны цагаар ажлын цагийн дараа буюу баасан гарагийн 20.42, баруун эргийн 17.42 цагт, санхүү, арилжааны захууд хаагдсаны дараа эхлүүлсэн нь анхаарал татаж байна. Ажлын өдрүүдэд, ажлын цагаар хэрэгжүүлсэн бол санхүүгийн болон түүхий эдийн зах зээлийн савлагаа өндөр байхаар байв.
Үндэслэл: Үнэн, худал
Пуужингийн цохилт өгөх үндэслэл болгож АНУ, Их Британи, Францын удирдагчид 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Зүүн Гута хотын Дума дүүрэгт Сирийн засгийн газар энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээр зөвтгөсөн. Уг халдлагын үеэр 70-аас доошгүй хүний амь нас хохирсон гэж үзэж буй. Үйл явдал дараах байдлаар өрнөсөн бололтой. Хэрэг явдал гарсан өдөр Дума дүүргийг Б.Асадын эсрэг зэвсэгт бүлэглэл хянаж байсан ба Сирийн засгийн газрын цэргийн нисэх онгоцнууд агаараас хлор, зарин зэрэг хорт бодисоор цэнэглэсэн гар хийцийн бөмбөг хаясан гэж босогчид болон тэр үед ажиллаж байсан ажиглагчид, эмнэлгийн багийнхан, мөн “Цагаан дуулга” хэмээгч сайн дурын байгууллагынхан мэдэгдсэн. Улмаар Франц, Америкийн шинжээчид сүүлд нь хохирогчдын шээснээс авсан лабораторийн шинжилгээгээр хлор илэрсэн гэх мэдээллийг цацсан.
Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотолж, тус байгууллагатай хамтран ажилладаг бусад байгууллагын мэдээллээр, химийн хордлогын шинж тэмдэг илэрсэн 500 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдэгдлийг хийв. АНУ, Их Британи, Францын эрх баригчид Б.Асадыг шууд буруутган цэргийн ажиллагаа явуулах үндэслэл хангалттай бүрдлээ гэж зарласан.
Үүнийг Сирийн тал албан ёсоор няцааж, тухайн үед хотыг хянаж байсан зэвсэгт босогчид засгийн газрын цэргийн давшилтыг зогсоох зорилгоор уг зохиомол мэдээллийг зориуд боловсруулан цацсан гэж мэдэгдэв. ОХУ, Иран улс мөн Сирийн талын мэдэгдлийг дэмжиж, химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол гараагүй гэж үзэж байна. Улмаар “Цагаан дуулга” хэмээх байгууллагынхан химийн хордлого хэмээх үзэгдлийг жүжигчилсэн байдлаар найруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, түүнийг нь Их Британийн тусгай алба зохион байгуулсан гэж Оросын тал 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, ОХУ, Сири, Ираны үзэж буйгаар АНУ, түүний холбоотнууд Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн, урьдчилан төлөвлөсөн байсан ба үүнийхээ шалтаг болгож уг “халдлага” гэгчийн хуурамч бичлэгийг тараасан аж. Энэ удаад өнгөрсөн жил Сирийн “Шайрат” нисэх онгоцны баазад цохилт үзүүлсэнтэй адил шалтгаар халдлага үйлдсэн, Б.Асад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан байж болох ул мөрийг Оросын цэргийн шинжээчид илрүүлээгүй, нэг ч оршин суугч химийн халдлагыг нотлоогүйгээр зогсохгүй Химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэргэжилтнүүдээ илгээхтэй зэрэгцэн цохилт өгсөн нь химийн зэвсэг ашигласан болохыг нотлох албан ёсны дүгнэлт чухал биш болохыг харууллаа гэж Оросын тал дүгнэж байна.
Химийн халдлага гарсан гэх үйл явдлаас хоёр хоногийн дараа, 4 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж авах арга хэмжээний талаар хэлэлцсэн ч ОХУ АЗ-ийн байнгын гишүүний эрхээ ашиглан хориг тавьснаар ямар нэгэн тогтоол баталж чадсангүй. АНУ-ын оруулсан тогтоолын төсөл АЗ-ийн олонхын дэмжлэгийг авсан (ОХУ, Болив татгалзаж, БНХАУ түдгэлзсэн) ч Оросын хоригоор унасан. Зөрүүлээд ОХУ-ын оруулсан тогтоолын төсөл 6 гишүүн улсын дэмжлэг авч, 7 гишүүн улс эсэргүүцсэнээр мөн батлагдсангүй. Үүний дараа АНУ, Их Британи, Франц улс НҮБ-ын АЗ-ийн тогтоолгүйгээр “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, хүмүүнлэгийн зарчим” гэгчид үндэслэн “хамтарсан хүчтэй хариу арга хэмжээ авах” боломжийг судалж эхэлсэн. Үүнийгээ ч ОХУ-ын хориг тавих эрхээ эдэлснээс үүдсэн (НҮБ-ын Дүрмээр олгосон дархан эрх) зайлшгүй арга хэмжээ байсан гэж тайлбарлаж байна.
4 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ НҮБ-ын АЗ-ийн яаралтай хурлыг зарлан хуралдуулж АНУ, Их Британи, Францын шийдвэр, үйлдлийг буруушаах утга бүхий тогтоолын төслийг хэлэлцүүлсэн ч БНХАУ, Болив дэмжиж, АНУ тэргүүтэй 8 улс эсэргүүцэж, Казахстан, Перу, Экваторын Гвиней, Этиоп түдгэлзсэнээр батлагдсангүй.
Шалтгаан: Дотоод, гадаад
АНУ тэргүүтэй улсуудын Сирийн эсрэг ажиллагааны уг шалтгааныг дан ганц хүчин зүйлээс хайх боломжгүй, улс тус бүрийн гадаад бодлогын болон дотоод улс төрийн нөхцөл байдлаас ургуулан дүгнэх нь илүү оновчтой. Юутай ч, химийн зэвсэг хэрэглэсэн халдлагыг иргэдийнхээ эсрэг хэрэглэсэн гэх үндэслэл бүрэн отлогдохгүй байгаа ч, үгүйсгэж бас болохгүй байна. Тиймээс зөвхөн химийн зэвсгийн асуудалтай холбох нь туйлын өрөөсгөл болно. АНУ бүр Б.Обамагийн засаг захиргааны үеэс эхлэн Б.Асадыг түлхэн унагаж, “дэглэм солих” (regime change) гаршсан ажиллагаагаа хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн ба энэ бодлогоосоо ухраагүй, харин Оросын цэргийн ажиллагаа амжилттай дуусгавар болсноор түр хойшлуулахад хүрсэн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2018 оны 3 дугаартай мэдээлэлд дэлгэрэнгүй дурдсан. Түүнчлэн Сирийн дотоод улс төрийн хямралд АНУ-ын гол “холбоотон”, хэрэг дээрээ “Америкаас хараат” хүчин нь “Сирийн чөлөөт арми” гэгч бүлэглэл бөгөөд тэд Дума дүүргийг хянаж байсныг дурдууштай. Тэрхүү “Чөлөөт арми” гэгч нь өрнөдийн орнуудын өмнө “ардчилсан хүчин”-ий дүрд тоглодог ч Б.Асадыг эсэргүүцэгч ямарч хүч, тухайлбал, “Исламын улс” бүлэглэлтэй ч эвсэж чаддаг нь өнөөдрийн ээдрээг бий болгосон. Энэ нь ч Оросын талаас АНУ, Их Британи, Франц улсыг “терроризмтой хийх тэмцэлд саад учруулсан”, “террористуудыг дэмжсэн” хэмээн буруутгах үндэслэл болж байна.
Өөр нэгэн хувилбар бол Сирид гэхээсээ илүү ОХУ-ын зэвсэглэлийн шинэ хөтөлбөрт барьж буй хариу, гэхдээ цэрэг-стратегийн ач холбогдолтой бус, харин улс төрийн утга агуулга бүхий хариу үйлдэл гэж үзэж болно. Д.Трамп жиргээгээр Сирид биш, Орост анхааруулга өгсөн, чингэхдээ “олон, хүчтэй, ухаалаг пуужин ирнэ шүү” хэмээсэн нь үүнийг нотлох мэт. Цэргийн ач холбогдол багатай, эсрэг талаас бодитой хохиролгүй ийм ажиллагаанд 92.4 сая ам.доллар зарлагадсан нь мөн л Д.Трамп хоёр долоо хоногийн өмнө В.Путинтай утсаар ярихдаа “зэвсэглэлээр хөөцөлдье гэвэл энэ өрсөлдөөнд би ялна” гэж хэлсэнтэй нь дүйцэж байна.
Харин дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн, Д.Трамп өөрөө Оросын тусгай албадтай холбогдсон гэх асуудлаар Р.Мюллерийн ахалсан комиссын ээлжит дүгнэлтийг 4 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн үед анхаарлыг холдуулах, өөрийнх нь хэлснээр “Оросын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авч байгаа ерөнхийлөгч” гэдгээ харуулах алхам ч гэж үзэх нь байна. Их Британийн хувьд ч, холбоотны үүргээ гүйцэтгэсэн, угаас АНУ-тай бүх асуудлаар байр суурь, үйлдэл нэг байдаг гэдгээс гадна Т.Мэй Брекситийг эсэргүүцэж буй Шотланд, Уэльсийн ард иргэдийн дургүйцэл, С.Скрипаль, Ю.Скрипаль нарыг хордуулсан хэрэг явдалтай холбоотой улам бүр өөрийнх нь эсрэг чиглэж буй олон нийтийн санал бодлыг түр дүйвүүлэх арга байх магадлалтай. “Скрипалийн хэрэг”, энэ цохилт хоёр учир шалтгааны шууд холбоотой гэж ОХУ-ын ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова хэлсэнтэй энэ гаргалгаа дүйж байна.
Тэгвэл Франц улс Их Британиас ч олон нэгж байлдааны техникийг байнгын байрлалаас нь гаргасан атлаа пуужингийн цохилт өгөхөд үүрэг гүйцэтгээгүй нь мөн л тус улсын ерөнхийлөгч Э.Макроны талынхны байр суурь эмзэг болсон, Францын нийгэмд Оростой хэт сөргөлдөхгүй байх үзэл санаа давамгайлж эхэлсэнтэй холбоотой байж болзошгүй. Эцэст нь, НАТО-ийн Европ дахь гол хүч, холбоотон Герман улс энэ ажиллагаанд эхнээс нь огт оролцоогүй явдал холбооны канцлер А.Меркелийн байр суурь бүр ч хэврэг, нийгмийн санаа бодол нь олон улсын тавцанд сөргөлдөөнийг биш, улс төрийн шийдлийг эрхэмлэж байгаатай холбоотой гэж үзэж болно.
Эх сурвалж: Politico