Газрын тосны төлөө хийж байсан хамгийн аймшигт 5 дайн
Газрын тос, байгалийн хийн төлөөх сөргөлдөөн хэзээний л хурц явагдаж, дайн, мөргөлдөөнд хүргэж байсан. Их гүрнүүд газрын тос, хийн орд газрууд, тээвэрлэх зам, хоолой, зах зээлд хяналтаа тогтоохын төлөө ширүүн өрсөлдөж, сөргөлдөж, дайтаж байлаа.
Энэ үүднээс Америкийн "The National Interest" сэтгүүл сүйрэл, дайнаар дууссан газрын тосны таван сөргөлдөөний жагсаалтыг гаргажээ. Эхний хоёр байранд Дэлхийн хоёрдугаар дайны үед газрын тосны нөөцийн төлөө тэмцэлдсэн тулаан орсон байна.
1 Япон Америкийн дайн
Япон Улсыг Хятадын эсрэг түрэмгий бодлого явуулсан болон Францын колонийг түрэмгийлэн эзэлсэнтэй холбоотойгоор 1941 оны наймдугаар сард АНУ болон Европ Японы эсрэг хориг тавьжээ.
Хэдийгээр Япон Улс Дэлхийн хоёрдугаар дайнд орох шалтгаан олон байсан ч чухамхүү энэ хориг Номхон далай, Алс Дорнод болон Зүүн Өмнөд Азид Япон түрэмгийллээ явуулах гол өдөөгч байсан гэж нийтлэлийн зохиогч онцолжээ.
Сувдан эрэг дээрх АНУ-ын Номхон далайн флотыг бут ниргэсэн нь Японы газрын тосны асуудлыг шийдсэнгүй, харин Азийн орд газруудыг булаан эзэлсэн нь ч эдийн засагт нь ашиг тусаа авчирсангүй.
Учир нь энэ бүс нутгаас шатахуун тээвэрлэх тун хүнд байлаа.Дайны төгсгөл үеэр япончууд онгоцны шатахуун үйлдвэрлэхийн тулд ой мод хяргаж эхлэсэн гэдэг. Дайн болон газрын тосны хязгааргүй нөөцөд хүрэх гэсэн тэмүүлэл нь эцэстээ “эзэнт гүрний сүйрэлд” хүргэсэн гэж The National Interest онцолжээ.
2 Сталинградын төлөөх дайн
Блицкриг буюу үр дүн нь хурдан гарах дайны үзэл санаа 1941 оны зун л нуран унасан юм. Гитлер газрын тостой болох үзлээр дүүрэн байсан бөгөөд “манай генералуудын хэн нь ч дайны эдийн засгийн хүчин зүйлийг мэдэхгүй” гэж сэтгэл гонсгор байдаг байж.
1942 оны зургаадугаар сард нацистын армийн үндсэн хүчийг Оросын өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг эзлэн, Кавказ дахь газрын тосоор баялаг орд газруудад хүрэх зорилготой илгээжээ.Наймдугаар сард фашистууд Сталинград
эсвэл Кавказын газрын тосны алиныг нь эзлэх вэ гэсэн хүндхэн шийдлийн өмнө тулгарчээ. Үүний дүнд нацистын арми хуваагдсан ч аль ч зорилгоо биелүүлж чадаагүй юм.
3 1980-1988 оны Иран Иракын дайн
Энэ сөргөлдөөн аль аль талын хүчийг сулруулсан сөргөлдөөн байлаа. Ирак газрын тосны үйлдвэрлэл эрхэлдэг Ираны обьектууд болон худалдааны хөлөг онгоцууд руу довтлон, дайн өдөөсөн юм.
Иран ч мөн Иракийн хөлөг онгоц, газрын тосны орд газрууд руу хариу цохилт өгч, Персийн буланд тэнгисийн мин суурилуулж байв. Энэ сөргөлдөөний улмаас 450 хөлөг онгоц өртсөн ч аль ч тал сөргөлдөгчөө ялж чадаагүй юм. Ираны минь, пуужингуудад Америкийн хөлөг онгоцууд өртөж, АНУ Ираны харилцаа хурцдаж байв.
4 Ирак Кувейтийн дайн
Ирак Улс Кувейт рүү 1991 онд довтолсон юм. Ийнхүү довтлох болсон нэг шалтгаан нь Кувейтийн газрын тосны нөөцийг Багдад булаан авах гэсэн зорилготой байсан гэж эх сурвалж онцолжээ. Гэвч хаяагаа хадарсан Ирак Ирантай дайтах үед нь дэмжиж, холбоотон болж байсан АНУ-тай харилцаагаа сэвтүүлсэн юм.
Ирак НҮБ-ын шаардлагыг биелүүлж, Кувейтээс цэргээ гаргахаас татгалзсаны дараа АНУ Саудын Арабт 500,000 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчийг оруулж, “Цөлийн шуурга” нэртэй ажиллагаа явуулан Иракийн дэглэмийг нураасан юм. Арабын ертөнц дэх Багдадын сүр хүч унтарч, улмаар энэ улс олон улсаас тусгаарлагдах болсон юм.
5 Иракт өрнүүлсэн АНУ-ын дайн
Иракт хийсэн АНУ-ын дайн мөн л газрын тостой холбоотой. Гэхдээ газрын тостой их бага ямар хэмжээгээр холбоотой байсан бэ гэдэг маргаанд цэг тавихад багагүй хугацаа шаардлагатай гэж эх сурвалж онцолжээ.
"Персийн булангийн бүсэд өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах өөр шалтгаанууд байсан ч гэлээ жишээ нь Нигери Камерун руу дайрсан бол АНУ мөн л ийм хэмжээний цэргийн ажиллагаа явуулах байсан гэдэгт итгэхэд бэрх” гэж нийтлэлийн зохиогч цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: nationalinterest.org