АНУ тив алгасагч шинэ пуужин бүтээхэд 85 тэрбум доллар зарцуулна
АНУ нь тив алгасагч цөмийн шинэ пуужин бүтээхэд төсөвлөсөн мөнгөний эхний хэсэг болох 85 тэрбум долларыг Батлан хамгаалахын төсвөөс гаргаж өгөхөөр болсон байна. Төлөвлөгөөний дагуу шинэ пуужин нь 2030-аад онд АНУ-ын зэвсэглэлд байгаа босоо аманд байрлалтай Minuteman III загварыг 450 пуужинг бүгдийг орлох аж. Босоо аманд байрлалтай “Минитмен” баллистик пуужинг шинэчлэх хөтөлбөр бүр 2016 онд эхэлсэн байна. Шинэ пуужин бүтээж, Засгийн газраас захиалга авахын төлөө “Boeing”, “Northrop Grumman” гэсэн хоёр компани өрсөлдөхөөр болсон аж. Энэ хоёр нь анхны загвараа танилцуулахын тулд 2017 онд АНУ-ын төсвөөс 349 ба 329 сая долларыг тус тус авсан байна.
Анхны загвар танилцуулах явцад “Northrop Grumman” компани нь өрсөлдөгч “Boeing”-д хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүр нийлүүлдэг “Orbital OTK” компанийг худалдаж авснаар “Boeing” нь хөдөлгүүргүй болж өрсөлдөөнөөс гарсан байна. Ингээд ялагч болсон “Northrop Grumman” нь “GBSD” (Ground based strategic deterrent — "Газрын байршилтай стратегийн тэнцвэрийн зэвсэг ") гэсэн пуужинг бүтээж эхэлжээ. Энэ пуужинг 2030-аад онд ашиглалтад авч 2080 он хүртэл 50 жил бэлэн байдалд ашиглахаар төлөвлөсөн байна.
Шинэ пуужингийн эхний хувилбар 2027 онд зэвсэглэлд орж ирэх бол 2036 он гэхэд хуучин загваруудыг бүгдийг сольж дуусах юм байна. Шинэ пуужин гурван шатлалтай, хатуу түлштэй, 15 мянга ба түүнээс дээш км-ийн алслалттай байна. Пуужингийн толгой хэсэгт тус бүр нь 475 килотонн чадалтай цөмийн хошуунуудаар цэнэглэнэ.
Одоо АНУ-ын зэвсэглэлд байгаа босоо аманд байршилтай баллистик пуужин нь 1970-аад онд зэвсэглэлд авсан LGM-30G “Minuteman III”. Энэ пуужинг байлдааны бэлэн байдалд байлгахын тулд дахин шинэчлэх, сайжруулахад зарцуулах мөнгө нь шинэ пуужин боловсруулахад шаардлагатайгаас илүү гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC