АНУ яагаад Туркээс оросын пуужин харвагч “С-400”-г худалдаж авах талаар бодов?
АНУ Туркээс Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авах талаар Сенатад санал оруулжээ. 2021 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн төсөлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг Бүгд найрамдах намын гишүүн Жон Тюн оруулж ирсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Турк улс ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах системийг авснаас хойш АНУ-Туркийн харилцаанд үүссэн хямралтай холбоотой хариу үйлдэл аж. Дээрх санаачилга батлагдана гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Гэхдээ батлагдлаа ч Турк улс дээрх тохиролцоонд хүрэхгүй гэж шинжээчид үзжээ. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье.
“С-400 Триумф”-ыг Туркээс худалдаж авах талаарх нэмэлт өөрчлөлтийн талаар Конгрессын сайтад мэдээлжээ. Мэдээлэлд “АНУ-ын армийн төсөвт “С-400” агаарын довтолгооноос хамгаалах системийг авах зорилгоор “Пуужингийн худалдан авалт-Арми” гэсэн зүйлд заасны дагуу зардал гаргахыг зөвшөөрнө” гэсэн байна. Уг заалтад “С-400”-г худалдаж авах зөвшөөрөл авахын тулд Батлан хамгаалахын сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Туркийн засгийн газраас Америк, НАТО-гийн харилцаатай холбоотой тодорхой баталгаа авах ёстой гэжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Жим Риш Цагаан ордныг АНУ-ын хориг арга хэмжээний дагуу Туркийн эсрэг хязгаарлалт тавихыг шаардсан нэмэлт өөрчлөлт санал болгосон байна. Ришийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар 30 хоногоос илүүгүй хугацааны дотор уг хууль хүчин төгөлдөр болж, тав болон түүнээс дээш тооны хориг арга хэмжээ авахыг шаардах аж. “RT” агентлагийн яриа авсан шинжээчдийн өгүүлснээр дээрх нэмэлт өөрчлөлт нь АНУ болон Туркийн харилцаанд үүссэн хямралын хариу урвал гэнэ. Анкара Вашингтоны эсэргүүцлийг үл харгалзан Оросоос “С-400”-г худалдаж авсны дараа уг хямрал үүссэн.
АНУ-ын холбоотнуудын ч худалдан авдаг “С-400” зенитийн пуужингийн цогцолбор нь Вашингтоны хувьд жинхэнэ толгойны өвчин болсон гэж шинжээчид үздэг. “С-400”-тай холбоотой Турк болон АНУ-ын хоорондын харилцааг тодруулбал, Оросын “С-400” НАТО-д бүхэлд нь үлгэр дуурайлал болж байгаа аж. Энэ нь маш ноцтой хуваагдалд хүргэж байгаа гэнэ. Эцэст нь Турк бол хамгийн хүчирхэг холбоотон улсуудын нэг юм гэж шинжээчид онцолжээ. Харин бүгд найрамдахчуудын санаачилга дээрх асуудлыг нэг цохилтоор шийдвэрлэх эрмэлзэлтэй. Хамгийн чухал нь “С-400”-гийн давуу байдал юм.
“С-400 Триумф” нь 1990-ээд оноос сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ зэвсэглэлдээ авсан зенитийн пуужингийн цогцолбор. Байг устгах хамгийн их хурд нь 4800 м/с, нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо 300 юм. “С-400”-г хээрийн байдалд таван минутад дэлгэнэ. Энэхүү систем нь 600 хүртэлх километрийн зайд 10 метрээс 27 км-ийн өндөрт яваа баллистик пуужин, нисэх онгоц, дронуудыг устгах чадалтай гэнэ.
Эх сурвалж: Reuters