Талибууд зэвсгээ Кабул дах Засгийн газраас худалдаж авдаг гэв
“Талибан” хөдөлгөөний улс төрийн төвийн төлөөлөгч Сухейль Шахин нь Оросын “РИА Новости” агентлагт утсаар ярилцлага өгөх үеэрээ Засгийн газар, Эвслийн цэргийн эсрэг дайтахдаа ашигладаг зэвсэг, сум зэргийг хаанаас авдгаа хэлжээ. Тэрээр сүүлийн үед АНУ болон өрнөдийн хэвлэлүүдээр ОХУ -ыг “Талибан” хөдөлгөөнд Америк цэргүүдийг алуулахаар мөнгө төлж байсан, зэвсэг ба сум хэрэгслээр нууцаар хангадаг тухай дуулиан тарьсан мэдээлэл их гарч байгаад тайлбар хийжээ.
Сухейл Шахин “Бид Орос улстай болон бүс нутгийн бусад улсуудтай харилцаа холбоотой байдаг. Гэхдээ зөвхөн улс төрийн төвшинд. Цэргийн харилцаа байхгүй бөгөөд үүний эсрэг бүх л таамгийн бид эрс үгүйсгэж байна. Иймэрхүү яриа нь энхийн тохиролцоог баллах гэсэн кампанит ажлын нэг хэсэг байж болох юм. ... Манайд байдаг зэвсэглэлийн тухайд гэвэл бид Афганистан даяар зэвсгийн нөөцтэй бас дээр нь Кабул дах удирдлагаас буюу армиас худалдаж авдаг. Тэднийхэн олон зуун мянган нэгж зэвсэг хулгайд алдсан ч билүү алга болсон ч билүү яриа гарч байсан. Тэгвэл тэр зэвсгийг бид тэднээс худалдаж авсан юм. Заримыг нь олзолсон. Бидэнд маш их сум хэрэгсэл бий. Тэр бүгдийг Кабул дах эрх баригчдаас авсан юм” гэжээ.
Мөн Афганистаны орон нутгийн 70 хувийг “Талибан” хөдөлгөөн бүрэн хянадаг, тэндэх боловсрол, хөдөө аж ахуй, иргэдийн хөгжлийн төв гээд төрийн бүх албад “Талибан” хөдөлгөөний хяналт дор үйл ажиллагаа явуулдаг гэсэн байна.
Эх сурвалж: TASS