Азийн улсууд АНУ ба Хятадын вакцинаас сонголт хийж байна
Азийн орнууд корона вирусийн эсрэг вакцин сонгохдоо АНУ-д хийгдсэнийг авах уу эсвэл Хятадад үйлдвэрлэгдсэнийг авах уу гэдэг асуудалтай тулгарсан байна. “South China Morning Post” сонины сурвалжлагч нар Азийн улс орнууд ямар сэдлээр вакцин сонгож байгаа талаар шинжээчдээс асууж тодруулжээ.
Дэлхийн хэмжээнд корона вирусийн эсрэг вакцин бүтээх 160 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Дийлэнх компаниуд вакцины турших сүүлийн шатанд хүрсэн тул улс орнуудтай нийлүүлэх гэрээ байгуулж эхэлжээ. Улс орнууд вакцины тусламжтайгаар эдийн засгаа хурдан сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орохын тулд янз бүрийн сэдлээр сонголт хиж байна.
Юуны өмнө хүн ам олонтой улс орнууд нь илүү хямд бүтээгдэхүүн санал болгож байгаа эмийн компанийн сонгон авах тухай “Marsh & McLennan Advantage” компанийн Кавита Харихаран хэлсэн байна. Жишээлбэл, Индонези нь Хятадтай хамтран вакцин боловсруулж байгаа бөгөөд үйлдвэрлэх зөвшөөрөл авбал жилдээ 250 сая тунгаар үйлдвэрлэх гэрээ байгуулах гэж байна. Мөн Филиппин, Малайз нь бас л Хятадад бүтээгдсэн вакцин сонгон авахаар шийдээд байгаа юм байна.
Харин Япон, Сингапур, Тайланд зэрэг орнууд нь Америкт бүтээгдсэн вакциныг сонгож авахаар болж байгаа аж. Эдгээр улсууд нь вакцины үнэ бус харин аюулгүй байдал ба чанарт нэн тэргүүнд анхаарч байгаа болохоор ийм сонголт хийсэн байна. Түүнчлэн Азийн улс орнууд вакцин сонгохдоо геополитикийн ашиг сонирхлоо бас давхар бодолцож байж болохыг Сингапурын Үндэсний их сургуулийн Жереми Лим хэлсэн байна. Жишээлэхэд, Хятадтай нэлээд олон жилийн турш найрсан, сайн харилцаатай байгаа улс орнууд нь цаашид ч энэ харилцаагаа хадгалж үлдэхийн тулд вакцины бодит үр ашиг ба аюулгүй байдлыг хоёрдугаар тавьж байж болох юм гэсэн байна.
Эх сурвалж: BBC