Беларусьт ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэн, Лукашенко Оросоос тусламж хүсчээ
Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа тэмцэгчдийн тоо хэд дахин нэмэгдэн, жагсаал бослогын нөхцөл байдал хүндэрч байна. Харин 26 жил төр барьж байгаа Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсчээ.
ЗХУ задарснаас хойш Беларусь улсад одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко төр барьж байгаа юм. Энэ удаагийн Беларусийн зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь урьд өмнөх жилүүдийнхээс хурцадмал байдалтай болж өнгөрсөн юм. Сонгууль болохоос бараг хагас сарын өмнөөс Лукашенког эсэргүүцсэн иргэд тэмцэл хийн, хотуудад жагсаал өрнүүлж байсан. Тухайн үед нэр дэвшигч энгийн нэгэн өрх толгойлсон эмэгтэй Светлана Тихановскаяаг олон мянган иргэн дэмжиж байснаа илэрхийлж байлаа.
Харин сонгуулийн үр дүнгээр Лукашенко 80 хувийн санал цуглуулан, Светлана долоон хувийн санал цуглуулсан. Иргэдийн зүгээс сонгууль шударга бус явагдсан гэж үзэн, жагсаал цуглаан хийн эмх замбараагүй байдал үүссэн. Үүний улмаас бараг зургаан мянга гаруй хүн баривчлагдан, хоёр хүн амь насаараа хохирсон. Харин сүүлийн өдрүүдэд, ялангуяа өчигдөр нийслэл Минск хотод жагсаал хийж байгаа иргэдийн тоо хэд дахин нэмэгдэж нөхцөл байдал хурцадмал болж байна. Харин Светлана өөрийгөө болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалан Литва улс руу дүрвэсэн.
Энэ амралтын өдрүүдэд Александ Лукашенко Оросын Ерөнхийлөгчөөс тусламж хүсэн хоёр удаа дуудлага хийсэн байна. Аюул нүүрлэсэн тохиолдолд Орос улс бидний аюулгүй байдлыг хангана хэмээн Ерөнхийлөгч Лукашенко мэдэгдсэнийг Белта агентлаг мэдээлжээ. Тэрээр өчигдөр жагсаал хийж байгаа олон мянган иргэний дунд үг хэлэхдээ “Лукашенкогийн төгсгөл нь Беларусийн төгсгөл” гэж хэлсэн байна.
Лукашенклгийн эсрэг жагсаж байгаа 10 мянгаас л ч илүү иргэн байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гэтэл түүнийг дэмжиж байгаа таван мянга орчим хүн ч бас байгаа тухай зарим хэвлэлд дурдсан байна. Үүнээс гадна Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дэд төлөөлөгч Жозеп Боррель Минск хотод ням гарагт болсон жагсаалын дараа Европын холбоо Беларусийн иргэдийн талд байгаа хэмээн өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Европын холбооны улсуудын зарим нөлөө бүхий төлөөлөгчид энэ удаагийн сонгууль ардчилсан стандартаар шударга бус явагдаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн эрх баригчдыг иргэдээ хүндэтгэн баривчлагдсан тэмцэгчид, сэтгүүлчдийг суллахыг уриалсан. Энэ тэмцэл нь Беларусийн түүхэнд болж өнгөрсөн хамгийн олон хүн хамарсан хүнд нөхцөл байдалтай жагсаал болж байгааг эх сурвалж онцолжээ.
Эх сурвалж: BBC