Жо Байден сонгогдвол АНУ Хятадтай "Найрамдана"
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ирэх сонгуульд Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол АНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт хийхээ мэдэгджээ.
Тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг тэргүүлэн өрсөлдөж буй. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын харилцаанд шүүмжлэл дагуулсан олон том өөрчлөлтийг Жо Байдан эргүүлэх гэнэ. Тэрбээр Ойрхи Дорнодоос Ази, Латин Америкаас Африк, Европ дахь худалдаа, терроризмтой тэмцэх, зэвсгийн наймааны хяналт, цагаачлалын бодлого зэргийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Эн тэргүүнд тэрбээр Дональд Трампын засаг захиргааны үед холдож, зөрчилтэй тулгарсан уламжлалт холбоотны харилцаагаа сэргээнэ.
АНУ “Ковид-19”-ийн улмаас харилцаа хурцдаж консулын газруудаа хаахаас гадна Хятадын технологийн хамгийн том компаниуд болох “TikTok”, “WeChat”-ыг хориглоно хэмээн заналхийлээд байсан. Гэвч тус хоёр улсын харилцаа сүүлийн саруудад дахин сэргэжээ. Зөвхөн долдугаар сард Хятад АНУ-аас 4.6 сая тонн шар буурцаг худалдан авсан гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хятад улсын шар буурцагны их худалдан авалт нь тухайн улсад болсон их хэмжээний үерээс болж олон сая га тариалангийн талбай сүйдсэнтэй холбоотой юм. Мөн зургадугаар сарын сүүлч гэхэд Хятад АНУ-аас 40.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ.
Нэгдүгээр сард хэсэгчилсэн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсны дараагаар хоёр орны харилцаанд олон өөрчлөлт гарсан. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар Хятадын импортын зарим бараанд тавих татвараа бууруулж, Бээжин тус улсаас олон тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэ долоо хоногт хийсэн мэдээллийн үеэр Цагаан ордны зөвлөх Ларри Кудлов “Бидний хамгийн их анхаарлаа хандуулж буй салбар бол худалдаа. Одоохондоо бүх зүйл хэвийн байна” хэмээн мэдэгдсэн юм. Харин Вашингтон дахь Брукинсийн Хятад төвийн ахлах мэргэжилтэн Жон Торнтон “Хүний эрх, аюулгүй байдал гэсэн олон асуудлаар зөрчилтэй байсан ч АНУ, Хятад хоёр эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлж байсан түүхтэй. Одоо ч энэ харилцаагаа тогтвортой байлгах сонирхолтой байна” хэмээн ярьжээ. Мөн цахимаар эдийн засгийн харилцаагаа хэрхэн тогтвортой байлгах талаар хуралдаж магадгүй юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Трамп баасан гаригт “Бидний худалдааны харилцаа маш сайн байгаа. Гэхдээ бид өмнөхөөсөө огт өөр Хятад улстай харилцаж байна” гэжээ.
Харин Хятадын дипломатч Яан Жиечи “БНХАУ-ын үүд хаалга АНУ-ын өмнө үргэлж нээлттэй. АНУ худалдааны салбарт таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллана гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Гэвч хоёр улсын худалдааны дайны ирээдүй тодорхойгүй байна. “Сонгуулийн үр дүн хоёр улсын харилцааг баттай өөрчилнө. Хэрвээ Трамп ялвал АНУ Хятадад бүүр илүү их дарамт учруулна. Харин Байден ялвал худалдаа, аюулгүй байдал, технологийн бүх салбартаа гэрээ, хэлэлцээр байгуулах болно” гэж профессор Мауро Гуйллен ярьжээ.
Эх сурвалж: CNN