АНУ Беларуст газрын тос нийлүүлэхээ зогсооно
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Беларуст үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Беларус руу газрын тос экспортлохоо зогсоох талаар хэлэлцэж байгаа талаар мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Беларус дахь нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах шаардлагатай аж.
Майк Помпео АНУ уг асуудал дээр Европын холбоотой хамтран ажиллана гэдгийг онцолжээ. Тэрээр, "Бид Беларуст болсон сонгуулийн үйл ажиллагаа ил тод, шудрага болоогүйд сэтгэл дундуур байна. Харамсалтай нь тус улсад ийм зүйл нэг бус удаа тохиолдож байгааг бид мэднэ. Тайвнаар жагсаж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэж, ёс бус үйлдэл үзүүлж байгааг ажигласан. Бид одоохондоо ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Бид болж буй явдалд адилхан сэтгэл зовниж буй Европын түншүүдтэйгээ энэ тал дээр хамтран ажиллана." гэжээ.
Беларуст энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон ба Беларусийн Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр санал хураалтын үр дүнд А. Г. Лукашенко сонгогчдын 80.08 хувиар ялалт байгуулсан бол сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская 10.09 хувийн санал авсан аж. Сонгуулийн дүнг зарласны дараа нийслэл Минск болон бусад томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж, жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн юм. Беларусийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр жагсаалын үеэр хэдэн мянган иргэнийг баривчилсан ба хэдэн 10 хүн шархджээ.
Эх сурвалж: TASS.ru