АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нь Конгрессын Сенат дах Олон улсын асуудал хариуцсан хороонд илтгэл тавихдаа Афганистан дах цэргээ дараа жилийн тавдугаар сар гэхэд бүрэн гаргаж дуусна гэдгийг мэдэгджээ.
Тэрээр Америкийн цэргийг Афганистанаас гаргаж дуусах хугацааны талаарх асуултад хариулахдаа “Бид тохиролцоо байгуулсан. Бид цэргээ тэндээс бүрэн гаргаж тэг болгоно. Дараа жилийн тавдугаар сар гэхэд болох байх” гэжээ. Түүнчлэн АНУ нь Афганистаны асуудлыг энхийн замаар зохицуулах, эвлэрэлд хүргэх явцыг эхлүүлсэн гээд Афганистан дах сөргөлдөгч талуудын хооронд бүрэн дүүрэн харилцан яриа явагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагч Осама бен Ладеныг “Талибан” бүлэглэл Афганистанд орогнуулж байна гэж үзсэн АНУ болон түүний холбоотнууд мөн оны 10 дугаар сарын 7-нд Кабулд засгийн эрхийг барьж байсан талибуудын эсрэг “Enduring Freedom” /Туйлбартай эрх чөлөө/ цэргийн ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Үүнээс хойш тасралтгүй 19 жилийн турш буюу АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагааны явцад 2400 гаруй америк цэрэг амь үрэгдэж, 20 мянга гаруй хүн шархдаж, дайнтай холбоотой нийт зардлын хэмжээ 2 их наяд доллароос давсан байна. Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын Төлөөлөгчийн газрын мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистаны 35 мянган энгийн иргэд амь үрэгдэж, 65 мянган хүн шархадсан
Ийм учраас асар хохирол зардалтай дайныг эцэс болгоно гэдгээ Трамп сонгогчиддоо амласаар ирсэн, түүнийгээ ч биелүүлж чадлаа. 2016-2017 оны зааг үе буюу Д.Трамп Цагаан ордонд ирснээс хойш Афганистаны талаарх Америкийн стратегийн бодлогод томоохон өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Трампын засаг захиргааны зүгээс Афганистаны улс төрийн дээд хүрээнийхэнд хандан “бид танай улсад мөнхөд байгаад байхгүй, та нар талибуудтай хэл амаа ололцох нь дээр ” гэсэн утгатай зүйлс хэлэх болов. Америкийн өмнөх удирдагчдын эхлүүлсэн Афганистан, Ирак, Сирид явуулж буй утга учиргүй дайн тулааныг зогсооно гэдгээ Трамп анхнаасаа л сонгогчиддоо амласаар ирсэн. Тэрбээр дайнд дэмий хоосон үрж буй асар их хөрөнгө хүчийг өөр чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үздэг хүн юм.
Өнгөрсөн сарын 29-ний өдөр Катарын Доха хотноо АНУ-ын эрх баригчид исламын шашны хэт давруу үзэлт Талибан хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулсан бөгөөд тохиролцоо ёсоор АНУ Афганистанаас цэргээ татаж эхлээд байна. Эхний ээлжинд Вашингтоны зүгээс Афганистан улс дахь 13000 цэргээ 8600 болгож хорогдуулах үүргийг хүлээж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 135 хоногийн дотор цэргээ татан гаргах ёстой юм. Мөн хэрэв Талибууд гэрээг бүрэн дагаж мөрдсөн тохиолдолд АНУ болон НАТО-гийн зүгээс цэргээ 14 сарын дотор Афганистанаас бүрэн гаргах тохиролцоотой байгаа. Энэхүү найрамдлын гэрээ зөвхөн Вашингтон болон Талибан бүлэглэлийн хооронд хийгдсэн, Афганистан улсын засгийн газар оролцоогүй боловч ойрын хугацаанд мөн Афганистаны засгийн газар Талибуудтай яриа хэлэлцээ явуулахаар болоод байгаа юм.
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани гэрээнд заагдсан талибан бүлэглэлийн гишүүдийг шоронгоос суллахаас татгалзсан боловч наад зах нь 1000 хоригдлыг суллах тушаалд энэ долоо хоногт гарын үсэг зурна гэдгээ даваа гаригт мэдэгджээ. Мөн гэрээнд тохиролцсоноор Талибан бүлэглэли өөрсдийн хяналтаа тогтоосон бүсэд халдлага хийхгүйгээс гадна Ал Кайда зэрэг бусад террорист бүлэглэлүүдийг тухайн бүсэд нэвтрүүлэхгүй байх явдлыг хариуцахаар болсон. Талибан босогчдын бүлэглэл 2018 оноос хойш Афганистан улсын нийт газар нутгийн 3-ны 2 хувьд нь хяналтаа тогтоогоод байгаа юм.
Эх сурвалж: CNN
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй