АНУ Германаас 12 мянган цэргээ татна
АНУ Германд байрлаж байгаа цэргүүдээсээ 12 мянгыг нь эргүүлэн татах шийдвэрийг гаргаад байна. Берлин батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх асуудалд хойрго хандаж байгаа учраас Вашингтон ийм шийдвэрийг гаргахад хүрчээ.
Германд байрлаж байгаа Америкийн цэргүүдийн 6400 нь нутаг буцах бол үлдсэн 5400 армийн албан хаагчдыг НАТО буюу Умард Атлантын Гэрээний байгууллагын гишүүн Европын бусад оронд байршуулахаар болжээ.
Вашингтон зарим цэргээ Германаас Итали болон Бельги рүү шилжүүлэх мэдээлэл гарчээ. АНУ-ын ерөнхийлөгч гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа нь Берлин батлан хамгаалахын төсвөө нэмэх Вашингтоны хүсэлт, шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэдгийг хэлжээ. Америкийн конгрессын зарим гишүүн цагаан ордны шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Гишүүд Германы нутаг дэвсгэрт байрлаж байгаа АНУ-ын цэргийн тоог бууруулах нь ОХУ-д ашигтайгаар тусна гэж үзэж байгаа юм. Германы төрийн зарим өндөр албан тушаалтан ч энэхүү үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Цагаан ордны тэргүүн НАТО-гийн гишүүн Европын орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэх хэрэгтэй талаар өмнө нь хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байжээ. Одоо мөрдөгдөж байгаа гэрээний дагуу НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын төсвөө 2024 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьтай тэнцүүлэх ёстой юм. Ямартай ч АНУ Герман дахь цэргийнхээ тоог бууруулснаар тус улсад армийн бүрэлдэхүүнээ байршуулахад зарцуулж байгаа зардлаа 25 хувиар танах юм.
Эх сурвалж: CNN
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй