АНУ-ын Конгресс ОХУ-аас Европ тив, Турк улсад байгалийн хий нийлүүлэх төсөлд хориг тавихыг дэмжлээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “Умардын урсгал-2”, “Туркийн урсгал” төслүүдэд шинэ хориг тавих Пентагоны төсвийн өөрчлөлтийг сайшаан дэмжлээ. 740,5 тэрбум ам.долларын төсвийн төслийг гишүүдийн 295 нь дэмжиж, 125 нь эсэргүүцсэн байна.
Өнгөрсөн таваас зургаадугаар сард хэсэг бүлэг сенатчдын гаргасан энэ өөрчлөлтөд хоолой тавих ажиллагаанд оролцож байгаа бүхий л хөлөг онгоцны эсрэг хязгаарлалт тогтооно гэж заажээ.
Үүнээс гадна эдгээр хөлөг онгоцонд даатгал, техникийн үйлчилгээ хийсэн, тусгай тоног төхөөрөмж суурилуулсан бүхий л компанид хориг үйлчлэх юм байна. Гэхдээ Конгрессын гишүүдийн дэмжсэн энэ төсвийн төсөлд хоолойн барилгын ажил дууссаны дараа хий дамжуулалтыг баталгаажуулах мэргэшсэн байгууллагуудад хориг тавих тухай заалт тусгаагүй байна.
2021 оны санхүүгийн жилийн Пентагоны төсвийн төслийг одоо Сенатаар дэмжих үлдэв. Дараа нь Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсгээ зурсны дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимаар дэмжсэний дараа Конгресс дэх Бүгд найрамдах намын төлөөлөгч гишүүн Стив Уомак “Орос “Умардын урсгал-2”-оо гүйцээж, манай Европ холбоотнуудад дарамт шахалт үзүүлэх гэж байна. Бид Владимир Путины дайсагнасан бодлоготой тэмцэх ёстой” хэмээн тэмдэглэжээ.
Тэгвэл Германы эдийн засгийн Дорнын холбооноос АНУ “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг тавибал хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна. “Умардын урсгал-2” гэдэг нь Оросоос Балтын тэнгисээр дамжин Европ руу хийн хоолой гаргаж, байгалийн хий экспортлох төсөл юм. 1200 гаруй километр урт энэ хоолойгоор жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр төлөвлөж байна. “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” төслийн нийт хүчин чадал нь жилд 110 тэрбум шоо метр хийх нийлүүлэх юм байна.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй