ОХУ-ыг “Их 7”-д багтаах саналаас Герман татгалзлаа
“Их 7”-гийн бүтцэд өөрчлөлт оруулж, зарим орныг шинээр элсүүлэх асуудал сүүлийн үед ихээхэн яригдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ыг “Их 7”-д шинээр элсүүлэх саналыг гаргаад байгаа.
Тэгвэл энэхүү саналыг Европын холбооны хамгийн нөлөө бүхий орон болох Герман улс хүлээн авахгүй гэдгээ илэрхийлжээ.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгдэл болох “Их 7”-гийн гишүүнчлэлийг өргөжүүлэх, хэд хэдэн орныг шинээр нэмэх саналыг гаргасны дотор ОХУ багтаад байгаа юм. Гэхдээ Трампын энэ саналыг дэмжихгүй гэдгээ Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Берлин ОХУ-ыг “Их 7”-д элсүүлэхийг эсэргүүцэж байгаагийн нэг шалтгаан нь Зүүн Украин дахь нөхцөл байдалтай холбоотой юм. Украины зүүн зүгийн хэд хэдэн мужид Оросын дэмжигчид салан тусгаарлах тэмцэл өрнүүлсээр байгаа. Энэ сараас Европын холбоог даргалж эхэлж буй Герман улс Украин төдийгүй Ливи улс дахь зэвсэгт мөргөлдөөнд цэг тавихад зуучлагчаар ажиллах үүргийг хүлээгээд байгаа юм. Украины зүүн бүсэд энх тайвныг тогтоох асуудалд Орос улс хэт хойрго хандаж байна гэж Германы Гадаад хэргийн сайд хэлсэн байна.
Ташрамд дурдахад, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп “Их 7” өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүн бол үеэ өнгөрүүлсэн, дэлхийн дахины сүүлийн үеийн асуудлыг шийдвэрлэх чадамжгүй гэж тодорхойлж, шинэчлэлт явуулах саналыг тавьсан юм. Оросын Гадаад Хэргийн Яам Трампын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж, барууны орнуудын давамгайлсан өнөөдрийн “Их Долоо” дэлхий дахины сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байсан юм. Гэвч “Их 20”-д багтдаг ОХУ “Их 7”-гийн гишүүн болохыг Герман ийнхүү эсэргүүцээд байна.
Эх сурвалж: Bloomberg
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй