Академик луйварчин бол улс луйварчин болно
90-ээд онд их сургуулиуд гэнэт гадаадын менежмент, санхүү, эдийн засгийн маш олон сурах бичгүүдийг монголчлох шаардлагатай болсон юм. Тэр үед оюутан байсан бид тухайн үеийн эдгээр сурах бичгүүдийг монгол багш нар л бичсэн мэтээр ойлгож авч ашигладаг байлаа. "Ийм ном бичсэн мундаг багш, доктор" гэж ярьдаг байв.
Одоо эргээд бодоход хавтгай плагиаризм буюу хүний оюуны бүтээлийг зүгээр л орчуулаад, нэрээ тавьсан байж дээ.
Дэлхийн санхүүгийн түүхийн музейг байгуулахын тулд би олон жил цуглуулга хийсэн билээ. Цуглуулга бүрийн ард талд хэд хоног, заримдаа хэдэн сараар үргэлжлэх судалгаа хийж таардаг. Санхүүгийн түүхэн үзмэр байдаг тул тэдгээр үзмэр бүрийг яг таг судалж байж л авахгүй бол болохгүй. Ротшилд, Рокефелер, Ромын эзэнт гүрний инфляц гээд яг бодит үзмэр авч байгаа тул бодит түүхийг нь судална.
Үүний эцэст Санхүүгийн Философи ном мэндэлсэн түүхтэй. Эхэндээ би арав гаруй жил олон зуун нийтлэл бичсэн, мөн музейн тайлбарыг үзмэр тус бүрээр бичсэн тул эдгээрийгээ нийлүүлээд ном болгочих байх гэж гэнэн төсөөлж байж билээ.
Эцэст нь номонд маань музейд зориулж зовж байж бичсэн тайлбаруудаас нэг ч өгүүлбэр ороогүй. Музейн тайлбар бичнэ гэдэг л өөрөө маш хүнд ажил. Жирийн нэг миний яг одоо бичиж байгаа нийтлэлээс хамаагүй хариуцлагатай.
Харин ном гэдэг бол бүүр ахисан шатны ажил юм билээ.
Хүний тэгж зовж, хөлсөө дуслуулж, тархины бүхий л булан бүрээ онгичиж байж бичсэн номыг зүгээр хэдэн оюутнаар орчуулуулаад өөрийнхөө нэрийг тавиад гаргана гэдэг бол хамгийн бузар ХУЛГАЙ мөн. Тэр хүн нь америк, орос, хятад хэн ч байлаа гэсэн адилхан.
Өнөөдөр дэлхийд плагиаризм буюу оюуны хулгайг жигшин үзэж, курсын ажил, дипломын ажилдаа хүний бичсэн ганцхан өгүүлбэрийг хуулаад тавихад л сургуулиас нь хөөх дайны асуудал хөндөгддөг.
Санхүүгийн Философи номыг бичих явцад би өнөөгийн монголд санхүү, эдийн засаг, менежментийн нэг ч зохиол төрөх боломжгүй, болоогүй байгааг ойлгосон юм. Санхүүгийн философи бол түүхийн ном байсан учраас л арайхийж ард нь гарсан хэрэг. Энэ бол миний зохиол биш, түүхийг би шүүлтүүрдэж бичсэн учраас би чадсан.
Би 13 жил гүйцэтгэх захирлын ажил хийж, 20 шахуу жил хувийн бизнест өчнөөн мөнгө алдаж, онож, нэг даатгал, нэг банк босгосны эцэст Менежментийн ном бичихээр зориглож орсон боловч та бидний хэлдгээр "амьтан" болсон. Гэхдээ дагагч нартаа амласан номоо дуусгаж чадсан.
Миний нийтлэл, бидний хийж байгаа ажлыг ичих ч үгүй тээр хойно хулгайлаад өөрөө бодож олсон мэтээр ярьж явдаг сэхээтнүүдийг бол би аль дээр хүлээн зөвшөөрчихсөн.
Миний хэлж байгааг сонсоход хэцүү. Гэхдээ эрдэм номын мөр хөөж байгаа та бид нар ХУЛГАЙ хийхээс татгалзаж, шүд зуун үнэнтэй нүүр тулж, зориглож хөдлөхгүй бол энэ улс орон чинь ХУЛГАЙЧ нарын улс болоод дууслаа шүү дээ...
Ө.Ганзориг