Коронавирусээс болж улс орнуудын маргаан дайн дажиндаа тулах магадгүй байдал үүсэв
Ковид-19 ээс үүдэлтэй улс орнуудын маргаан дайн дажиндаа тулах магадгүй байдал үүсэв. Америкчууд Хятад улстай илэрхий дайсагнаж консул, төлөөлөгч газрыг нь хаав. Энэхэг улс хятадуудтай хил дээрээ мөргөлдөж Тайваньчууд дайтахад бэлэн гэдгээ зарласан байх юм. Ковид-19-ийн вакцин туршилтад ээлжлэн гарч байгаа ч үр дагавар тодорхойгүй.
Баталгаатай мэдээлэл ДЭМБ ч өгч чадахгүй байна. Дэлхий дээр 15 сая хүн халдар авч улс орнуудад эдийн засгийн сүйрлүүд ээлж дараалан явагдаж байна. Коронавирусийн хоёр, гуравдугаар давалгаа үүсч, энэ тахал хүн төрөлхтөнөөс салахгүй гэсэн өөдрөг бус хандлага, эрдэмтний мэдэгдэл ч гарч байна. Ийм эгзэгтэй үед монголчуудын уйдах байдал ажиглагдаж маскаа зүүхээ больж (Маск царай муутайгаа нуух, харлахаас хамгаалах гээд олон давуу талтай юм билээ) 11 цагийн мэдээг үгүйсгэж эмч нараа буруутгах аяс гаргах юм.
Бид уйдаж, уучилж, урваж болохгүй зүйл бол цар тахал. Монголчууд хана хэрэм мэт эмх цэгц, нэгдмэл байж аюулт тахлыг давсан. Гэтэл одоо "Монголчуудад аль хэдийнэ тусаад сүргийн дархлаа үүсчихсэн", "Засгийн газар худлаа мэдээлэл цацаж байна. Монголчууд цар тахалд яах ч үгүй" гэсэн цуурхал, мэдэмхийрэл нэмэгдсээр. Муу сайн ч төр засагтай, эмч нартай учраас тэднийхээ үгийг дагахаас өөр гарцгүй учир анхаарал болгоомжоо ахиад дээшлүүлмээр санагдана. Байдал улам хүндэрч буйг дэлхийн мэдээ үзүүлсээр байтал энд мэдэмхийрч суух хэрэг юун. Бид хүн төрөлхтөнтэй "Үндэс мөчир шиг үүрд хамт" гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй биз дээ.
Б.Жаргалсайхан