Хурдан баяжсан, баярхсан хүмүүст битгий атаарх...
За нэг ам нээсэн дээрээ нэгмөсөн би та нарт амархан баяжих арга зааж өгье. Яагаад тэр дээгүүр дарга гишүүн таньдаг, зальтайнууд нь мэдээд, бусад нь мэдэхгүй, хөлсөө гартал хөдөлмөрлөх ёстой юм? Тийм биз дээ.
Тендэр иддэг арга: тийн. Яг иддийн. Эхлээд УИХ гишүүн эсвэл эрх мэдэлтэн нь тойрогтоо нэг ажил бичээд төсөв тавиулна. 2 тэрбум, 5 тэрбум... миний сонгуулийн ажилд хэд хэрэг болох билээ гэж бодож байгаад нэг тоо тавиад батлагдлаа. Компанитай хамаатнаа дуудаад даалгавар өгнө. "За энэ ажлыг хийнэ гээд тендерт ороотох, цэвэрхэн хийгээрэй, танайх сонгогдох нь тодорхой байх ёстой шүү, материалаа сайн бэлдээрэй" гээд явуулна. Бэлдэж ирсэн материалаас нь нэрийг нь хасаад шалгуур үзүүлэлт, ТЭЗҮ, төсөвт өртөг болгоод тендерээ зарлаад тэрийгээ яг хангасан ганц газар сонгогдлоо. Браво! Та сая 2 тэрбумын тендер авлаа. Миний хувийг шилжүүлээрэй нөхөөр!
Тендер иддэг арай хурдан арга: Би 2 сарын дараа энэ төсөвт тусгагдсан ажлаар худалдан авах ажиллагаа зарлуулна. Чи яваад бэлдчих. 2 сарын дараа зарлалаа. "Чингис хааны академи, музей, дурсгалт газар, аялал жуулчлалын төв нэгдсэн цогцолборын зураг төсөл" 7 хоногийн дотор хийж ирүүлнэ үү. Гүйцээ. Хэн ч амжку. Өмнө бэлдсэн материалтайгаараа чи тэнцлээ. Браво! 10 тэрбумтай боллоо.
За тэгээд яриад байвал баяжих мянган арга байна. Нээх ухаан шаардахгүй амархан байгааздээ. Ингээд баяжиж байгаа хүмүүс зөндөөг харлаа. Ганцхан зүйл садаа болдог. Тэрийг шударга ёс гэдэг. Шударгаар баяжих сайхан, тэхдээ хэцүү, удаан, ядрана, шантрана, уйлна, дуулна. Тэхдээ насаараа өөрөөрөө бахархана, сайхан. Тэгэж шударгаар, толгойгоороо, ухаанаараа, хөдөлмөрөөрөө ажиллаж, мөнгө олж, амьдарч чаддаг хүмүүс тэр хурдан, худал, хуурмаг аргыг хэрэглэдэггүй. Яагаад гэвэл нэгхэн худлаа чиний өмнөх бүх үнэнг харлуулдаг учраас. Чи хуурахдаа өөрийгөө хуурдаг болохоор. Дахиж мянга үнэн ярьсан ч хүмүүс бас чи ч өөртөө итгэхээ больсон байдаг учраас. Нэг л орвол амархан, хялбархан, худал хуурмагийн тэр замаас буцах боломжгүй. Тийм болохоор хурдан баяжсан, баярхсан хүмүүст битгий атаарх. Толгойгоо ашиглаад, ур чадвараа зараад, ухаанаа уралдуулаад асуудал шийддэг, юм бүтээдэг, бусдын амьдрал өөрчилж, сайжруулж, нийгэм хөгжүүлж чаддаг, түүгээрээ мөнгөө олдог тэр хүмүүсийг шүт, суралц.
Л.Ану-Үжин