Их Британи “Huawei”-г эх орноосоо хөөх шийдвэр гаргажээ
Их Британид 5G сүлжээг татах ажлыг хариуцаж байсан Хятадын “Huawei” компанийн салбарыг хөөж гаргахаар шийдвэрлэсэн тухай “Guardian” мэдээлж байна.
Британийн Тоон технологи, соёл, хэвлэл ба спортын сайд ОливерДаудений хэлж байгаагаар Ерөнхий сайд Борис Жонсоны удирдлага дор явуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар ийм шийдвэр гаргасан. Зөвлөлтийн гишүүд шийдвэр гаргахын өмнө Кибер аюулгүй байдлын үндэсний төвөөс гаргасан зөвлөмжтэй танилцжээ. Улмаар 5G сүлжээний дэд бүтцийг байгуулах ажилд Хятадын “Huawei” компанийн оролцуулах нь Британийн бизнес ба интернет хэрэглэгчдийн аюулгүй байдалд хор хүргэж магадгүй гэж үзсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу Британийн үүрэн телефоны операторууд нь дараа жилээс эхлэн “Huawei” компанийн тоног төхөөрөмж худалдан авах, ашиглах боломжгүй болно. Ингэсээр 2027 он гэхэд тус компанийн тоног төхөөрөмжөөс бүрэн орлуулж дуусах юм байна.
“Huawei” компани нь Британийн Засгийн газрын шийдвэрийн хариуд “Энэ бол Их Британийн смартфоны бүх хэрэглэгчдийн хувьд харамсалтай мэдээ” гээд Лондонд бодлоо өөрчлөх боломж байгааг онцолсон байна.
Британийн Засгийн газрын шийдвэрийн эсэргүүцэгчид нь Хятадын компанийн тоног төхөөрөмж, технологиос татгалзан, бүгдийг өөрсдийн компанийн техникээр орлуулах гэх нь ихээхэн цаг, мөнгө шаардсан ажил бөгөөд зах зээлийн өрсөлдөөн суларч, улмаар ажлын байр хомстоход хүргэж болзошгүй гэж анхааруулсан. Мөн Британийг зорьсон Хятад жуулчдын тоо цөөрөх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж байсан.
Эх сурвалж: Guardian