АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ
АНУ-д сүүлийн долоо хоногт коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом өссөн явдалтай зэрэгцэн тус улсын эрх баригчид Америкийн Конгресс болон НҮБ-д ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ.
Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газраас гаргаад буй уг шийдвэрт Америкийн Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүд, Анагаах ухааны холбоод, хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон бусад улс орнууд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Америкийн Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдвол ажлынхаа анхны өдөр ДЭМБ-аас гарах шийдвэрийг цуцална гэдгээ амлажээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр АНУ-ын ДЭМБ-аас 2021 оны 7-р сарын 6-ны өдөр гарах хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт албан ёсоор хүргүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр НҮБ АНУ-ын хүсэлтийг хүлээн авсан ба тус улс ДЭМБ-аас гарах нөхцөл нь бүгд бүрдсэн эсэхийг шалгаж, баталгаажуулах ажил явагдаж байгаа аж. Америкийн Анагаах ухааны холбоо, Америкийн Хүүхдийн эмч нарын холбоо, Гэр бүлийн эмч нарын холбоо зэрэг олон тооны холбооны удирдлагууд ДЭМБ-аас гарах шийдвэр нь АНУ-ын иргэдийн эрүүл мэндийг ноцтой эрсдэлд оруулж байна хэмээн уг шийдвэрийг буруушааж буйгаа мэдэгдээд байна. "ДЭМБ-аас гарах шийдвэр нь коронавирусын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй томоохон асуудлуудын эсрэг гаргаж буй хичээл зүтгэлийг үгүй хийнэ.
Бид Конгрессийн гишүүдээс ДЭМБ-аас гарах шийдвэрийг цуцалж, олон улсад хүндлэгдсэн ДЭМБ-тай тогтоосон харилцааг хадгалж үлдэхийг хүсч байна. Өнөөдөр бид олон улсын эрүүл мэндийн салбараас нүүр буруулах бус тус салбарт хөрөнгө оруулах цаг юм." хэмээн Америкийн эрүүл мэндийн салбарынхан хамтын мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: BBC