ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна
Уэльсийн Кардиффын их сургуулийн Хууль зүй, улс төрийн сургуулийн Олон улсын улс төр судлалын профессор Сергей Радченкогийн бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Москва ардчилсан хөршдөө хүлцэнгүй дагуул улсын хувиар хандсаар байгааг саяхан өрнөсөн дипломат маргаан харууллаа.
Зургадугаар сарын 24-нд ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан, “COVID-19”-ийн улмаас нэг сар гаруйн турш хойшлоод байсан цэргийн сүрт жагсаалаа уламжлал ёсоор зохион байгуулсан. Владимир Путинийг 2036 оныг хүртэл төрийн эрхийг барих нөхцөлийг бүрдүүлэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга ирэх долоо хоногт дуусах гэж буй үед мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тухайн өдөр Монгол Улс ардчилсан парламентын сонгуулиа явуулсан.
Өөр хоорондоо холбоогүй энэ хоёр үйл явдал Москва, Улаанбаатарын хооронд дипломат маргаан дэгдээж, ОХУ зөвхөн өөрийн зорилгодоо хүрэхийн тулд гаргадаг төрөлх занг харуулж, Монгол Улс Москва, Бээжингийн аль алинаас ирэх шахалттай тулгарах үед хэрэглэдэг аргаа үтэр түргэн ашигласан байна.
Монгол Улс нь авторитар дэглэмтэй хөршийнхөө дэргэд бат бөх ардчилал бүхий орон бөгөөд БНХАУ, ОХУ хэмээх хоёр том хөрштэй, тэдгээрийнхээ эрхэнд орж явсан улсын хувьд улс орныхоо дүр төрхийг Евразид дахин цогцлоох хүндхэн ирээдүйтэй нүүр тулгарч байгаа юм.
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ ОХУ-ын цэргийн парадыг шууд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө цуцалснаас үүдэн дээр дурдсан маргаан дэгдэж эхэлжээ.
Монголын Засгийн газар ОХУ-д хүндэтгэл үзүүлэх үүднээс парадад оролцуулахаар цөөн тооны цэргийг илгээх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор тус телевиз нь уг арга хэмжээг дамжуулахаар төлөвлөөд байжээ. Гэвч парадын шинэ тов сонгуулийн өдөртэй давхцсантай холбогдуулан МҮОНРТ парадыг дамжуулах шийдвэрээ цуцалжээ.
Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа “Facebook” хуудсаараа дамжуулан илэрхийлээд, МҮОНРТ-ийг “зорилгоосоо хазайсан” хэмээн буруутгаад, “МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл сонгуульд хөндлөнгөөс оролцдог хэмээн ОХУ-ыг буруутгадаг кампанит ажилд санамсаргүйгээр нэгдсэн бололтой” хэмээн нийтэлжээ. Үүнээс улбаалан томоохон маргаан дэгджээ. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамж Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Искандер Азизовт хандан, яамны мэдэгдэлд “доромж үгс ихээр агуулагдсаныг” тэмдэглээд, албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан С.Баяр Зөвлөлтийн үеийн Элчин сайд нар ч суугаа улсынхаа Засгийн газарт захирагддаг байсан хэмээн бичжээ.
Монголчууд Зөвлөлт хөндлөнгөөс оролцож байсан талаар нэг юм уу хоёр зүйлийг мэддэг. Монгол нь Төв, Зүүн Европын орнуудад ижил явдал тохиолдох хүртэл 20 жилийн турш Зөвлөлийн дагуул улс байсан. 1930-аад онд Зөвлөлтийнхөн, тэдний Монгол утсан хүүхэлдэйнүүд болох Монгол ардын хувьсгалт нам шашны эсрэг кампанит ажил, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүрээнд олон арван мянган хүний амь насыг хөнөөжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн байсан бөгөөд тэрбээр Иосиф Сталинтай сөргөлдөж байсан нэгэн юм. /Түүнийг ганцхан ёжтой үгээрээ Зөвлөлтийн дарангуйлагчийн гаансыг хэдэн хэсэг болгосон гэлцдэг байна./ П.Гэндэнг Москва руу илгээж, 1937 онд цаазаар авчээ. Түүний халааг авсан А.Амар ч мөн ижил хувь заяаг туулжээ. Түүнийг баривчилж, Зөвлөлт рүү илгээж, 1941 онд цаазалсан байна.
Энэ цусан далайгаар Х.Чойбалсаны Ерөнхий сайдаар ажиллах хугацаа эхэлсэн бөгөөд Монголын Сталин гэгддэг тэрбээр Зөвлөлтийн Ази дах зорилтуудыг биелүүлэхэд өөрийгөө зориулсан бөгөөд түүнийг Зөвлөлтийн Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгч Иван Иванов нягт хянадаг байжээ. Чойбалсан, Ивановын хяналтад Монгол Улс 1940-өөд онд Зөвлөлтийн дайнд оролцож, хагас сая орчим адууг илгээж, /галын шугамд байгаа гэдгийг батлан харуулсан үйл явдал болсон./ танкны бригадыг тэтгэжээ. Мөн Монгол Улс 1945 оны наймдугаар сард Манжуурт Зөвлөлтийнхэнтэй хамт Япончуудын эсрэг тулалджээ.
Чойбалсаны халааг авсан Ю.Цэдэнбал нь Зөвлөлтийн удирдлагуудын төлөө улам их зүтгэсэн нэгэн бөгөөд Монголыг Зөвлөлтөд нэгтгэх хүсэлтийг удаа дараа гаргаж байжээ. /Аз болоход Зөвлөлт татгалзсан хариулт өгсөн./ Цэдэнбал Хятад-Зөвлөлт маргаантай байх үед Москвагийн төлөө цуцалтгүй тэмцсэн байна. Тэрбээр 1962 оны 12 дугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайтай уулзах үеэрээ Зөвлөлтийн бодлогуудыг гал цогтойгоор хамгаалсны улмаас талууд золтой л нударга зөрүүлчихээгүй байна.
Хачирхалтай нь, Зөвлөлт Цэдэнбалыг төрийн эрхээс буулгах шийдвэрийг 1984 онд гаргаж, түүнийг тэтгэвэрт гаргаж, Москва руу илгээжээ. Үүнийг тухайн үед Төв хорооны нарийн бичгийн дарга Михаил Горбачев зааварчилсан байна. /Чойбалсангийн Хятадын эсрэг үзэл Бээжинтэй харилцаагаа сайжруулах Москвагийн сонирхлыг сулруулж байсан нь ийм шийдвэрийг гаргах нэг шалтгаан болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн./
Монгол Улс Зөвлөлтийн дагуул орны статусаасаа 1980-аад оны сүүлээс салжээ. Хоёр том гүрний дунд оршдог тус улс нь тэнцвэрийг хадгалж, Өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн тулд “гуравдагч хөршийн бодлогоо” боловсруулжээ. Мөн Монгол Улс бат бөх ардчилсан тогтолцоог хөгжүүлсэн бөгөөд тогтмол сонгууль явуулдгаас гадна хоёр авторитар хөрштэйгээ харьцуулахад үг хэлэх, цуглаан хийх, эвлэн нэгдэх эрх чөлөөг эдэлдэг юм.
Олон жилийн турш Улаанбаатар нь Оросын эсрэг Хятад, Хятадын эсрэг Орос, хоёулангийнх нь эсрэг Өрнөдийн байр суурийг баримталж, тэнцвэрийг сайтар хадгалж ирсэн боловч сүүлийн үед улам хүнд болж байна.
Бээжин, Москва сүүлийн жилүүдэд ойр дотно харилцаатай болсон нь Монголыг хязгаарласан байна. Далайд гарцгүй тус улсын эдийн засгийн хоёр том хөршөөс хамааралтай байдал уг ярвигтай байдлыг тодотгон харуулж байгаа юм.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг бөгөөд өөрийгөө В.Путиний найз хэмээн зөвтгөдөг байна. Тэрбээр Хятад улстай ч мөн найрсаг харилцааг хөгжүүлэх алхмуудыг хийсэн /хамгийн сүүлийн жишээг татвал, коронавирусний эсрэг Хятадын хүчин чармайлтад Монголоос хувь нэмэр оруулж, 30 мянган хонь хандивласан/ бөгөөд Хятад, Оросын голчлон удирддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад улс орноо элсүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Аугаа эх орны дайны ялалтын парадад Монголын цэргүүдийг оролцуулахаар 2015 онд буюу 70 жилийн ойгоор анх тохиролцож байсан бөгөөд энэ нь Монголын улс төрийн хүрээллийнхэн оросуудыг хятадуудаас илүү үзэж буйг илтгэжээ.
Гэвч Оросын Элчин сайдын яамны гаргасан үйлдэл нь Монголын тусгаар тогтнолыг Москва хараахан бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгааг харуулжээ. Тэд Монголчуудыг гарцгүй гэж бодсон нь тодорхой байгаа бөгөөд тэднийг нэр төрөө үл хайхарч, хэлснээр нь хийнэ гэж бодсон ба хэрэв хийгээгүй тохиолдолд Хятадтай илүү сайн харилцаж чадна гэдгээ харуулна гэж бодсон нь харагдаж байна.
Элчин сайдын яамны “Facebook”-т тавигдсан жигшүүртэй пост нь сүүлийн үед харагдаж буй хандлагын нэгээхэн хэсэг юм. Оросын Гадаад хэргийн яам сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд итгэлтэй, тулгасан бодлогыг баримтлах болжээ. ОХУ-ын Элчин сайдын яамд ичгэвтэр суртал ухуулга, өдөөн хатгалга явуулахад, ялангуяа Дэлхийн II дайны үеийн түүхтэй холбоотой үйл явдлуудын талаарх ийм үйлдэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Жишээлбэл, Польш дахь ОХУ-ын ЭСЯ дайн дэгдсэнд Польшийг буруутгаснаас гадна Эстоны дахь ОХУ-ын ЭСЯ Зөвлөлтөд нэгдсэн үед эстоничууд жаргалтай байсан хэмээн нийтэлжээ.
Эдгээр түрэмгий, дээрэнгүй нийгмийн сүлжээний кампанит ажлын зорилго нь одоогоор нь тодорхойгүй байгаа хэдий ч үүний нөлөө нь илэрхий байгаа бөгөөд онилогдсон улсуудын ард иргэдийг хилэгнүүлж, ОХУ-ын буруугаа хүлээгээгүй, түрэмгий, нео-империалист дүр төрхийг сайшаахад тусалж байна. Энэ бол ОХУ-ын ЭСЯ-ны Монголд харуулсан дүр төрх яалтачгүй мөн юм.
Харамсалтай нь, тэдгээр орон Европын орнуудтай адил Оросын өдөөн хатгалгыг инээж хүлээн авахын оронд нухацтай хандаж, Путиний дэглэмийн эсрэг эсэргүүцэн жагсаж магадгүй юм. Москва ийм зүйлд эмзэг ханддаг бөгөөд мэдээж өөртөө ашигтайгаар эргүүлнэ.
Урт хугацаанд авч үзвэл, нээлттэй, ардчилсан Монгол улс оршин тогтносоор байх нь Хятад, Орост сорилт үүсгэх бөгөөд энэ шалтгаанаар тус улсад ардчилсан тогтолцоог хадгалсаар байх эсэх нь тодорхойгүй байна.
МҮОНРТ парадыг нэвтрүүлэхгүй байхаар шийдсэний улмаас үүссэн маргааныг үл харгалзан Монголын цэргүүд Улаан талбай дээр жагссан нь Улаанбаатар хэцүү хойд хөршөө тайван байлгахыг эрмэлзэж буйг харуулж байна. ЭСЯ дуулиант постынхоо төлөө уучлал гуйсан ч бай, үгүй ч бай /үгүй л болов уу/ уур хилэн ойрын өдрүүдэд намжиж магадгүй бөгөөд Оросын “zero-sum” ертөнцөд хамт жагссан ч гэсэн Сталины гаансыг хага цохиж чадахгүй гэх сануулгыг л Монголчуудад үлдээнэ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг