Тайландад гацаад байсан Л.Гүндалай тусгаарлах байрнаас согтуу лайв хийв
Өчигдөр Зүүн өмнөд Азийн найман улсаас 265 иргэн эх орондоо ирсэн билээ. Тэдгээр иргэдийн дунд Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай багтсан байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамт Тайландын Вант улсад дөрвөн сар гаруй хугацаанд гацаад байсан аж. Ийнхүү тэрбээр эх орондоо ирж, тусгаарлагдсан билээ.
Л.Гүндалай Монголдоо ирсэндээ баярлан:
“Намайг нааш нь ирүүлэхгүй гэж бүх юмыг хутган үймүүлсэн гурван нөхөр Хөвсгөлд яваа. Намайг 130 хоног гадаадад байлаа. Нутагтаа ирж чадахгүй, сонгуулиа хийж чадахгүй хэцүү байсан. Гадаадад гацсан 10 мянган монгол хүн эх орондоо ирэх сэн гээд харуулдаж сууна. Үүнийг би биеэрээ мэдрээд ирлээ. 10 мянган гадаад иргэнээ гадаадад хаячихаад ингэж байж болдог юм уу.
Монголын төр ёстой хог, зэрлэг. Тэднийг ингэж хаяж болохгүй. Надаас хүнд байдалд байгаа монголчууд тэнд байна. Тэднийг коронавирустай гэж бодоод байгаа юм уу. Ингэж байвал Монгол Улс хөгжихгүй. Өөрсдийн чинь хамаатан тэнд байсан бол ингэх үү. Би л болж байвал болно гэж боддог энэ сэтгэлгээ монголчуудыг алж байна. Бие биенээ дэмждэггүй. Би Монголд хайртай” гээд уйлав.
Түүнчлэн ийн ярихдаа согтууруулах төрлийн ундаа ууж байгаа нь бичлэгт тодоос тод үлджээ. Уг нь улсын онцгой комиссоос “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-д “Тусгаарлан ажиглах байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай тусгаарлагдах үеийн дүрмийг хэнэг ч үгүй зөрчиж, бас болоогүй агсам тавьж лайвдаж байгаа нь олны дургүйг хүргэв.