Хүүхдэд алдаа гаргах боломж олгох хэрэгтэй
Эцэг эхийн хувьд хүүхэд нь спортын тэмцээнд түрүүлж, олимпиадад байр эзэлж, сайн дүн авж, шалгалтандаа тэнцвэл үнэхээр бахархаж, баяртай байх нь мэдээжийн хэрэг.
Үүний эсрэгээр гэрийн даалгавараа мартаж багшдаа загнуулах, спортын багийнхаа шилдэг тамирчин нь болж чадахгүй байх, муу оноо авсан шалгалтын цаас номын завсраас нь гарч ирэх төдийд л урам нь хугарч, цочролд орж уурлаж эхэлдэг. Хүүхдэдээ анхаарал хандуулна гэхийг “Хүүхдээ алдаанаас хамгаалах нь миний үүрэг” хэмээн баттай ойлгон хүлээж авдаг. Тийм учраас нөхцөл байдал аюултай байх үед түүнийг хамгаалан холдуулж, урьдчилан сануулж, сайн үр дүн гаргаж болохуйц аргыг зааж өгдөг.
“Ингэх юм бол сайн”, “Ингэж хийхгүй бол чи алдаа гаргах болно” гэх мэтээр хүүхдийнхээ явах замыг урьдчилан бэлдэж өгдөг байна. Ийм байдлаар үргэлж эцэг эхийн бэлдэж өгсөн замаар явсаар алдаа гаргахгүй байсан хүүхэд, эцэстээ ээжийнхээ үгийг л сонсоод байвал алдаа гаргахгүй, бүх зүйлийг шийдэгддэг учир алдаа гэдэг зүйлийг амталж үзэхгүй байхыг ч үгүйсгэхгүй.
Гэсэн хэдий ч хэдий болтол ингэж явах билээ?
Бага ангиасаа эхлээд үргэлж л шилдэг байсан алдаагүй хүүхэд дунд ангид ороод яг ижил шилдэг байна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Учир нь та түүнийг үргэлж даган түүнтэй үргэлж хамт байж урьдчилан сануулж арга замыг зааж өгч байж хамт байна гэсэн баталгаа нь байхгүй. Иймд ахлах ангид ороод ч гэсэн ямар ч эргэлзээгүй шилдэг байна гэж хэлэх нь бүр л хэцүү юм. Цаашлаад их сургууль, ажилд орох гээд л...
Хүүхэд ямарваа нэгэн нөхцөл байдалд алдаатай нүүр тулах үе заавал гардаг. Ажил дээр гараад ч гэсэн “ Ээжийн хий гэснээр хийхэд л болно” гэж шууд л ээжийнхээ үгийг дагах боломжгүй юм. Хэтрүүлэн санаа тавих гэдэг нь үнэтэй тансаг зүйл их авч өгөх гэдэг утгыг зөвхөн илэрхийлдэггүй. Алдаа гаргахаас нь урьдчилан хамгаалж, сайхан сэтгэлээр үргэлж санаа тавьж бөөцийлөх нь ч гэсэн хэтрүүлэн санаа тавьж буй явдал юм.
Явсаар явсаар алдааг мэдрэлгүй өссөн хүүхэд нь “ Алдаанд сул дорой” хүүхэд болдог. 100-с 100 оноо л авахгүй бол, 1-р байрт орохгүй бол өөртөө дуртай байж чадахгүйд хүрдэг. Шилжилтийн нас өнгөрвөл хүүхдийн найз нөхдийн харилцаа холбоо ч гэсэн төвөгтэй болж, том жижиг маш олон алдаатай нүүр тулах хэрэгтэй болдог ба алдааг мэддэггүй хүүхэд жижиг асуудалтай нүүр тулсан ч дахин сэргэж босох нь хэцүү байдаг байна. Алдаа гаргаж байж л хүүхэд асуудлыг шийдвэрлэхэд суралцана.
Цаг агаар тоолгүй нимгэн гараад нэг үзэг. Түлэгдэх хэмжээний биш бол шөлийг өөрөөр нь л уулга. Хичээлийн хуваариа ялгахгүй яваад нэг үзэг. Сэрүүлэг нь дуугарсан ч босохгүй унтаад хичээлээсээ хоцрохыг мэдрэг. Бэлтгэлээ таслаад тэмцээнд ялагдаж үзэг л дээ. Шалгалтандаа бэлдэлгүй муу аваад үзсэн ч болно. Хүүхэд насандаа алдаа гаргаг. Алдаанаасаа суралцаж олон давтаж алдахгүй байх нь л хамгийн чухал.
Эцэг эхчүүдийн үүрэг бол хүүхдээ алдаа гаргахаас нь хамгаалан санаа тавих бус, хүүхэд өөрөө АЛДААНААСАА СУРАЛЦАХАД ТУСЛАХ явдал юм.
Г. Төмөрзаяа
“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төв